
Карибын тэнгист орших Барбадос улс Их Британийн Хамтын нөхөрлөлд багтдаг, хэдий тусгаар улс ч хатан хаан II Элизабетийг төрийн тэргүүнээрээ тооцдог 16 орны нэг юм. Тэгвэл тус улсын Засгийн газар ирэх оны арван нэгдүгээр сард буюу тусгаар тогтносныхоо 55 жилийн ойгоор Үндсэн хуульт хаант засаглалаас татгалзаж, албан ёсоор Бүгд найрамдах улс болохоо зарлалаа. 2018 онд тус улсын анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон Миа Моттлей албан мэдэгдэлдээ “Барбадосчууд колоничлолын түүхээ бүхэлд нь ардаа орхихыг хүсэж байна. Бид Барбадос төрийн тэргүүнтэй болох ёстой” гэжээ.
Харин Букингхэмийн ордноос дээрх мэдэгдэлд барьсан хариу захидалд “Төрийн тэргүүнээ өөрсдийн хүслээр сонгох нь Барбадосын эрх баригчид болон ард иргэдийнх нь бүрэн эрх. Бид Барбадосчуудын хүсэлтийг хүндэтгэнэ” гэж онцолсон байна. 1966 онд Их Британиас тусгаар тогтносон тус улс Карибын хамгийн хөгжингүй орны нэг. Хэдийгээр Үндсэн хуульт хаант засаглалаас татгалзах ч Барбадосын Хамтын нөхөрлөлд үлдэх эрх нь нээлттэй юм.