Америк залуусын гуравны хоёр нь дэлхийн II дайны үеэр зургаан сая гаруй еврей хүн нацистуудын гарт амь үрэгдсэнийг, тэднийг зориудаар аймаглан устгасныг мэдэхгүй болох нь саяхны нэг судалгаагаар батлагджээ. Судалгаанд хамрагдсан 18-39 насны 10 америк залуус тутмын нэг нь еврейчүүд Холокостыг өөрсдөө зохиосон гэсэн бол бараг тэн хагас нь нэг ч хорих лагерийн нэр мэдэхгүй гэсэн байна. Харин дөрөвний нэг нь еврейчүүдийг хоморголон хядсан явдал болоогүй, иймэрхүү түүх сонсож байсан ч үнэн гэж итгэдэггүй, тийм явдал болсон байлаа ч орчин цагийхан хэт “давсалж” ярьдаг гэхчлэн хариулжээ.
Судалгааг хийсэн Conference on Jewish Material Claims Against Germany (Claims Conference) буюу Еврейчүүдийн баримт цуглуулах зөвлөлийн тэргүүн Гидеон Тэйлор дээрх хариуг “цожирдмоор”, “гунигтай” хэмээгээд XX зууны хамгийн том, хамгийн аймшигтай гэмт хэргийн талаар залуу хойч үеийнхэн огт мэдэхгүй байгаа нь “боловсролын тогтолцооны эмгэнэл” гэсэн байна. Энэ нь еврейчүүдийн үүх түүх, Холокосттой холбоотой Америкт хийгдсэн анхны бүрэн хэмжээний судалгаа юм.