Попын домог алдарт дуучин Мадонна өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн уран сайхны киног өөрөө найруулахаар болсноо зарлалаа. Тэрээр киноныхоо зохиолыг “Juno”, “Young Adult” зэрэг киноны зохиолыг бичсэн, Оскарын шагналт Диабло Кодитой хамтран бичиж байна. Мадонна Нью-Йоркийн ядуусын хорооллоос дэлхийн хэмжээний супер од болсон замналаа “Like A Virgin”, “Vogue” зэрэг дуунуудаараа дамжуулан хүүрнэнэ. Тэгэхдээ хувийн амьдралын нарийн ширийнээс илүү зөвхөн дуу хөгжим, уран бүтээлээ харуулахыг зорино гэдгээ онцлоод “Хөгжим л намайг өдий хүргэсэн. Тиймээс амьдралынхаа түүхийг өөрийнхөө дуу хоолой, өөрийнхөө үзэл бодлоор хүргэмээр байна” гэж Instagram хуудсандаа бичжээ.
Энэхүү кино Мадоннагийн ерөнхий найруулагчаар ажиллах бүрэн хэмжээний гурав дахь кино болно. Өмнө нь тэрээр 2008 онд “Filth and Wisdom”, 2011 онд “WE” киног найруулсан юм.