Америкийн бизнесийн магнат, дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гейтс “Билл ба Мелинда Гейтсийн сан”-гийн энэ оны “Goalkeepers” тайлангаа угтан сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагадаа “Ковид-19” цар тахал хүн төрөлхтний хөгжлийн хурдыг сааруулаад зогсохгүй, хэдэн жилээр хойш татлаа, хөгжил дэвшлийг хамгийн багадаа 20 жилээр ухраалаа гэжээ. 2017 оноос хойш дээрх сангаас гаргаж байгаа “Goalkeepers” тайлан судалгаа нь дэлхийн хэмжээний ядуурлын төвшин, эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл ахуй, боловсролын байдал зэрэг хөгжил дэвшлийн гол хөшүүрэг, нөлөө тусгал болсон салбаруудад жил бүр үнэлгээ, дүгнэлт өгдөг юм. “Харин энэ жил олон нийтэд танилцуулах нэг ч ахиц дэвшил гарсангүй” гэж Гейтс тэмдэглэжээ.
“Goalkeepers” тайлангийн зарим мэдээг онцолбол:
-Ийм олон улс хамгийн сүүлд 1870 онд л нэгэн зэрэг санхүү, эдийн засгийн хямралд өртөж байсан,
-1998 оноос хойш дэлхийн хэмжээнд ядуурлын төвшин анх удаа огцом нэмэгдэж, нэн ядуу хүний тоо 37 сая давсан,
-Дэлхийн II дайнаас хойших дэлхийн хэмжээний хамгийн том эдийн засгийн хямрал яг одоо нүүрлэж байна, энэхүү уналт 2008 оны санхүүгийн хямралынхаас хоёр дахин их байна,
-Шинээр вакцин гаргах бүтэн 25 жилийн ажил 25-хан долоо хоногийн дотор сүйдсэн,
-Цар тахлын улмаас сургууль завсардсан охид ахиад хэзээ ч сургуульд сурч чадахгүй байх магадлал өндөр зэрэг баримтыг онцолж болох юм.