“Дэн буудал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 27 дэн буудал хаах саналыг Эрүүгийн цагдаагийн албанаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүллээ.Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэгтэй энэ талаар ярилцлаа.
– Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтарсан баг “Дэн буудал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний үр дүнгийн талаар танилцуулахгүй юу?
–Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дэн буудлуудад Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Дэн буудлын ерөнхий шаардлага MNS 5738-2007 стандартын хэрэгжилтийг хангаж, хяналтыг тогтолцоог сайжруулах зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 02-оос 11-ний өдрүүдэд шалгалтын ажиллагааг зохион байгууллаа.
Шалгалтын хүрээнд Баянгол дүүрэгт 20, Баянзүрх дүүрэгт 48, Сонгинохайрхан дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 25, Чингэлтэй дүүрэгт 11, Хан-уул дүүрэгт 3 буюу нийт 142 дэн буудлын үйл ажиллагааг шалгасан.
Энэ удаагийн шалгалтаар нийслэл хотын хэмжээнд 142 дэн буудал үйл ажиллагаа явуулж байгааг тогтоож харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 10 газарт торгуулийн арга хэмжээ авч, 27 газрын үйл ажиллагааг зогсоох саналаа холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Дээрх дэн буудлуудын 134 нь батламжтай, 8 газар нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг тогтоож бүртгэл судалгаанд хамруулсан.
– Шалгалтын явцад дэн буудлууд ямар ямар зөрчлүүд гаргасан бэ? Зөрчил гаргасан дэн буудлуудад ямар хуулийн хариуцлага хүлээлгэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Дэн буудлын ерөнхий шаардлага MNS 5738-2007 стандартыг хангаж байгаа эсэхийг шалгасан. Цагаан хэрэглэл угаах зориулалт бүхий угаалгын газаргүй, угаалга цэвэрлэгээнд халдваргүйжүүлэх бодисыг тогтмол хэрэглэж хэвшээгүй, цагаан хэрэглэл өнгөө алдсан, гудас, хөнжил нь хуучирч муудсан, хир толботой, стандарт хэмжээндээ хүрэхгүй /богино/, зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, стандартад заагдсан тавилга хэрэгсэлгүй, үйлчлэгч, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, Ковид-19 цар тахалтай холбоотой заавар, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, ажлын дүрэмт хувцасгүй, энгэрийн тэмдэг зүүж хэвшээгүй, насанд хүрээгүй хүүхэд, согтуу хүнд үйлчилсэн, зочдын бүртгэлийг хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн.
Тухайлбал дээрх зөрчлүүдийг гаргасан “UB-17”, “Гүн нуур”, “Ийгл”, “Элит”, “Их тамир” дэн буудлуудад Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар тус бүр нэг сая төгрөгөөр, “Ди Эс”, “Уянга”, “Анар”, “Хийморь” нэртэй дэн буудлуудад мөн хуулийн 6.17.9 зааснаар 50,000 төгрөгөөр тус тус торгуулийн арга хэмжээ авсан. Мөн “Од”, “Номуун”, “Зээргэнэ”, “Даян”, “Хангай”, “Мариат”, “Болор”, “Ийгл”, “Наран”, “Хос”, “Эндо”, “LT”, “Хаус 25”, “Найз”, “Азука”, “Уулзвар 21”, “Болор”, “5-од”,“Оч”, “Грийн”, “Ивээл”, “Кристал”, “Хотол”, “Цагаан-од”, “Тав тух”, “Өнөр-32”, “Оюу” зэрэг 27 дэн буудлыг хаах саналаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн.
– Дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагад цаашид юуг анхааруулах шаардлагатай байна вэ?
– Дэн буудлуудын барилга байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн шалгахад цахилгааны утас ил задгай, зөөврийн гал унтраах хэрэгсэл нэмж авах шаардлагатай, аваарын гэрэлтүүлэх хэрэгсэл байршуулаагүй, объектод гал унтраах автомат төхөөрөмж, галын дохиоллын систем төлөвлөөгүй, төлөвлөсөн боловч бэлэн байдал, засвар үйлчилгээ хийгээгүй, цахилгаан холболт хамгаалалтын бүрхүүл хийгдээгүй, унтраалга, розетка ус чийгнээс хамгаалагдаагүй, Барилга байгууламжид гал түймэр гарсан үед гарах аврах зам, гарцын төлөвлөлтийн зургийг харагдахуйц газар байрлуулсан байна гэх заалтыг хэрэгжүүлээгүй зэрэг нийтлэг зөрчлүүдийг илрүүлж аж ахуй нэгж байгууллагуудын албан тушаалтан нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгсөн.