Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар айлчилж буй БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И-н 16:00 цагт Улаанбаатарт ирнэ. Түүний айлчлал хоёр өдөр үргэлжилнэ. Айлчлалын гол зорилго нь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх мөн хоёр орны дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахад оршиж байгаа хэмээн ГХЯ-наас мэдээлсэн. Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийх юм.
Харин түүний айлчлалыг эсэргүүцэж зарим иргэд Монгол бичгээр бичсэн лоозон барьж төв талбай дээр жагсаж байна. Учир нь Өвөр Монголд Монгол хэл, бичгээр хичээл орохыг хориглосон байгаа юм. Ийм цаг үед Хятадын гадаад хэргийн сайд Монголд ирж, биднийг "аргадаж" ӨвөрМонголчуудын босоо бичгийг халах гэж байна хэмээн иргэд эсэргүүцэж байгаа юм.