Японы эрх баригч Либерал Ардчилсан нам шинэ даргаараа тус улсын Засгийн газрын Төрийн нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга-г сонгожээ. Ингэснээр тэрээр Абэ Шинзогийн орыг залгаж, Японы шинэ Ерөнхий сайд болох нь тодорхой болж байна. Японы парламент түүнийг албан ёсоор Ерөнхий сайдаар томилох эсэхээ маргааш шийдэх юм.
Абэ Шинзо өнгөрсөн сард Ерөнхий сайдын үүрэгт ажлаасаа эрүүл мэндийн шалтгаанаар огцорч буйгаа мэдэгдсэн. Өдгөө 71 настай Сүга гүзээлзгэний аж ахуй эрхлэгчийн хүү бөгөөд Японы улс төрийн элит хүрээнийхнээс хол, Абэтэй ойр дотно байж ирсэн, түүний гол түншүүдийн нэг гэгддэг байна. Абэгийн орыг авах шинэ Ерөнхий сайд түүний албан ёсны бүрэн эрхийн хугацааг дуустал буюу ирэх оны есдүгээр сард болох парламентын сонгууль хүртэл Засгийн газрыг тэргүүлэх юм.