Мөрийтэй тоглоомын талаар иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Цагдаагийн байгуулагаас нууц далд аргаар зохион байгуулагдаж байгаа покер, рулет, интернет, цахим тоглоомын үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, эрүүгийн хариуцлагад татах, зохион байгуулагч, тоглогчдыг бүртгэл судалгаанд хамруулах зорилгоор тодорхой үе шаттай шалгалтын ажиллагааг явуулсан.
Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан рулет 5, автомат 10, покер 20, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 8, нийт 43 мөрийтэй тоглоомын газрыг илрүүлэн үйл ажиллагааг нь таслан зогсоож мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 48, тоглож байсан давхардсан тоогоор 280 этгээдийг бүртгэл судалгаанд авч, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 4 этгээдийг олж тогтоон харьяа дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсүүдэд шилжүүлсэн байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх үндэслэлээр нийт 25 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 4 хэргийг хаах саналтай, 10 хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн, 4 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
ИРГЭД: АМЬДРАЛ МӨРИЙ БИШ!
Иргэн: Мөрийтэй тоглоом бол буруу л зүйл л дээ. Найзууд дунд бас нэлээд асуудалтай юмнууд их болж байгаа. Залуучууддаа хандаж хэлэхэд энэ мөрийтэй тоглоом чинь бага багаар хүнийг иддэг, эхэндээ бол гоё. Дараа нь юм бооцоонд тавиад авах гэж улайрч шуналтаж байгаад их хэмжээний юмаа алддаг. Үүнээс болж сэтгэцийн ямар нэг өөрчлөлт гараад тэр бухимдлаас болоод ямар нэг юм болдог. Буруу зүйл. Тийм болохоор залуучууддаа битгий мөрийтэй тоглоорой гэж хэлье.
Иргэн: Хэт автахаар донтоод, орон гэрээ тавиад, амьдралаа алддаг ч юм уу, тиймэрхүү явдал гардаг. Тэр талаас нь бол хүлээн зөвшөөрдөггүй.
Иргэн: Одоо тэр хуулиа л чангатгаж зохих зохион байгуулалтад ороосой гэж бодож байна. Залуучууд их л мөрийтэй тоглож байгаа сураг сонсогддог юм. Жишээ нь чөлөөт цагаа зөв өнгөрөөх газрууд ховор байна, ажилгүйдэл их байгаа учраас ийм буруу зуршилтай болоод байгаа юм.
Иргэн: Монголчууд мөрийтэй тоглоомыг эртнээсээ л хар мөртэй гэж ярьдаг шүү дээ.
Иргэн: Муу зүйл байх л даа тэгээд хамаг амьдралаа дэнчин тавьж тоглож байгаа, хамаг эд хөрөнгөөрөө тоглож байгаа.