АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бахрейн улсаар Израилийг хүлээн зөвшөөрүүлж, тус хоёр улсыг дипломат найрсаг харилцаатай болоход зуучилснаа мэдэгдлээ. Түүний жиргэснээр Бахрейн улс Израилийг сүүлийн 30 хоногийн дотор хүлээн зөвшөөрсөн Арабын хоёр дахь орон болж байна. Трамп мөн Бахрейний хаан Хамад бин Иса бин Салман аль-Халифа болон Израилийн Ерөнхий сайд нартай хамт үзэглэсэн гурван талт гэрээний хуулбарыг шэйрлэжээ.
Арабын орнууд олон арван жилийн турш Израилийг эсэргүүцэж, зөвхөн Палестиний асуудал шийдэгдсэн цагт л тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэсэн байр суурьтай байж ирсэн. Харин түрүү долоо хоногт Арабын Нэгдсэн Эмират улс Израилтай харилцаагаа хэвийн болгох хүсэлтэй буйгаа илэрхийлснээр тус улсыг хүлээн зөвшөөрсөн Арабын ертөнцийн гурав дахь улс болсон юм. Өмнө нь Арабын орнуудаас зөвхөн Египет, Иордан хоёр л Израилийг хүлээн зөвшөөрөөд байжээ.
Трамп Ойрх Дорнодод энхийг тогтоох, Израиль-Палестиний зөрчлийг шийдвэрлэх энхийн төлөвлөгөөгөө энэ оны нэгдүгээр сард танилцуулсан юм. Төлөвлөгөөг нь биелүүлэхэд түүний хүргэн Жаред Кушнер гол зуучлагчаар оролцсон байна.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нэтаньяху Бахрейнтэй хийсэн энхийн гэрээний талаар “Энх тайвныг тогтоох цоо шинэ эрин эхэллээ. Энх тайвны хариуд энх тайван ирнэ. Эдийн засгийн хөгжлийн хариуд эдийн засаг хөгжинө. Бид олон жил энх тайванд хөрөнгө оруулалт хийсэн, одоо энх тайван бидэнд хөрөнгө оруулна” хэмээн мэдэгджээ.