Английн Тонтон хотын иргэн Мэттью Робсон аавынхаа 28 жилийн турш төрсөн өдрөөр нь бэлэглэсэн 28 шил “Macallan” вискиний цуглуулгыг худалдаж, өөртөө шинэ байшин авахаар болжээ. Аав Пит нь 1992 онд хүүтэй болсноо тэмдэглэхээр “Macallan” виски худалдаж авсан ч задлалгүй, хүүдээ барих хамгийн анхны бэлэг болгон хадгалсан байна. Харин дараа жилээс нь, хүүгийнхээ төрсөн өдөр болгоноор мөнөөх вискигээ бэлэглэдэг уламжлалтай болжээ. Мэттью Робсоны ярьснаар аав нь вискийг огт задалж болохгүй гэсэн ганц болзол тавьдаг байж.
Аав нь “Macallan” вискинд ойролцоогоор 5000 фунт зарцуулсан бол хүү нь одоо жил дараалан үйлдвэрлэгдсэн 28 шил цуглуулгаа 40 мянган фунтээр үнэлээд байна. Цуглуулгынх нь хамгийн анхны шил виски 1974 оных аж. “Macallan” брэндийн вискиний үнэ сүүлийн хэдэн жилд огцом өссөн тул аав, хүү хоёрт цуглуулгаа худалдах санаа төржээ. Одоогоор шарз болон эртний эдлэлийн зуучлагч “Марк Литтлер” компаниас эхлээд Ази, Америкийн баячууд Мэттью Робсонд үнийн санал тавиад байгаа гэнэ.