Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорйооны дарга Н.Учрал өөрийн санаачлагаар “Дижитал Сонгинохайрхан” санаачлагыг хэрэгжүүлж эхэлж буйгаа өнөөдөр зарлалаа. Тус санаачлагын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль болон дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгт цахим үйлчилгээний системийг бүрэн нэвтрүүлэх бөгөөд өнөөдөр талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, батламж гардууллаа. СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуульд багш, сурагч, эцэг эхийн гурвалсан “SOLS” системийг ашиглах бөгөөд сурагчид сургалтын бүхий л үйл ажиллагаандаа цахимаар хамрагдаж, хичээлийн бус цагаар ч гэсэн сургалтын материалуудтайгаа танилцах, ажиллах боломж бүрдэх юм. Түүнчлэн багш нар сурагч нэг бүртэйгээ тулж ажиллах боломжийг энэхүү систем олгодог бөгөөд нөгөө талаас эцэг эхийн хяналт ч энэ системд нэгтгэгдэх юм. Өмнө нь Нийслэлийн 23 дугаар дунд сургууль дээр амжилттай туршигдаж эхний үр дүнгээ үзээд буй энэхүү “SOLS” системийг Ирээдүй цогцолбор сургуульд нэвтрүүлэхээс гадна СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэгт “ICLINIC” системийг ч мөн нэвтрүүлэх юм. Тус систем нэвтэрснээр иргэд заавал эмнэлэг дээр очиж дугаарлалгүй үзлэгийн болон шинжилгээний цаг авах боломж нээгдэнэ. Түүнчлэн иргэдийн өөрсдийн оролцоогүйгээр эмч нар хоорондоо тухайн өвчтөний мэдээлэл, шинжилгээний хариу, үзлэгийн түүх зэргээ солилцох бүрэн боломж бүрдэж байгаагаараа онцлогтой юм.
Энэ талаар УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал: “Өнөөдөр Монголын технологийн компаниудын чадамж дэлхийд гологдохгүй хэмжээнд очсон гэдэгтэй би санал нэгддэг. Ердөө сүүлийн 2-хон жилийн дотор Банк санхүүгийн салбарт энэхүү шилжилт маш хурдацтай явагдаж дэлхийн аль ч улс орноос дутахгүй цахим үйлчилгээг Монголын банкууд үзүүлж байна. Өөрөөр хэлбэл цахим шилжилтийн манлайллыг хувийн хэвшил маань хэдийнэ бидэнд үзүүлээд эхэлжээ. Одоо харин төр үүний хойноос цаг алдалгүй явах ёстой. Төрийн үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээ яагаад иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдаг вэ? Төрийн албан хаагчдын хүнд суртал гэхээсээ илүүтэй бидний ажиллаж буй ажлын гүйцэтгэлийн механизм, бичиг цаасны дүрэм журам, үйл ажиллагаа явуулах дэд бүтэц нь өөрөө хоцрогдсон, хэтэрхий гар ажиллагаатай байгаад бүх учир байгаа гэж би боддог. Тиймээс иргэдэд учирдаг тэрхүү төрийн хүнд суртлыг шийдвэрлэх цор ганц арга зам нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх явдал юм.” гэсэн юм. Тэрээр үргэлжлүүлээд уг санаачлагын зорилгын талаараа ярихдаа:” Дижитал Сонгинохайрхан санаачилгын зорилго бол 2025 он гэхэд Сонгинохайрхан дүүргийн иргэд Эрүүл мэндийн үйлчилгээг ямар нэгэн чирэгдэлгүй, хүлээгдэлгүйгээр авдаг байх, Ерөнхий боловсролын сургуулиуд цахим системтэй болж багш, сурагч, эцэг эхийн холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, Үр хүүхдийнхээ аюулгүй байдалд цахимаар дамжуулан хяналт тавих, иргэд төрийн үйлчилгээг иргэд утсан дээрээ авах нөхцөл боломж бүрдүүлэх, дүүргийнхээ төсөв, хөрөнгө оруулалт, хөгжлийн төлөвлөгөөг дүүргийн иргэд өөрсдөө шийддэг болно гэсэн үндсэн 5 зорилгыг дэвшүүлээд байна.”
Тус төслийг хэрэгжүүлэхэд “Ай Си Ти групп” ХХК-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд СХД-ийн Ирээдүй цогцолбор сургууль болон дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгт нэвтрүүлэх “SOLS”, “ICLINIC” гэсэн цахим системүүдийг үнэ төлбөргүйгээр нэвтрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэхүү төслийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт нэг ч төгрөгийн ачаалал үүсгэхгүй шийдвэрлэж байгаа тухай төслийг санаачлагчид ярьж байлаа.