Грекийн Лесбос арал дахь тус улсын хамгийн том дүрвэгсдийн хуаранд гал гарч, мянга мянган хүн толгой хоргодох газаргүй болжээ. Мориа хуаран хэдийгээр 3000 орчим хүний багтаамжтай авч Хойд Африк болон Арабын орнуудаас дүрвэгсэд олноороо ирж суурьшаад байж. Албаныхны хэлснээр гал гурван газар зэрэг дүрэлзсэн тул гал сөнөөгчид хүчгүйдэж, галыг улам газар авахуулсан байна.
Түрүү долоо хоногт Сомилийн нэг дүрвэгчээс “Ковид-19” илэрч, хуаранд хөл хорио тогтоогоод байжээ. Сүүлийн мэдээгээр Мориагийн 35 дүрвэгчээс коронавирус илэрсэн бөгөөд тэднийг тусгаарлах гэсэн ч олонх нь татгалзаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Албаныхны шаардлагыг биелүүлэхээс татгалзсан тэдгээр дүрвэгч санаатайгаар гал тавьсан байж магадгүй гэсэн хардлага байгаа аж.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээгээр Мориагийн дүрвэгчдийн 70 хувь нь Афганистаны иргэд бол үлдсэн хэсэг нь 70 гаруй орноос иржээ. Одоо нэн тэргүүнд харгалзах хүнгүй бага насны 35 хүүхдэд толгой хоргодох байр хэрэгтэй байна.