Өчигдрөөс эхлэн цахим орчинд хүний эрхийг ноцтой зөрчиж буй нь илт мэдээ тарлаа. Мэдээг бэлтгэсэн телевизийн нэр болон сэтгүүлчийнх нь нэр харагдахгүй байв. Тухайн мэдээг үзвэл сэтгүүлч биеэ үнэлэгч болон түүгээр үйлчлүүлсэн 20 настай эрээс ярилцлага авч, яриагаа өрнүүлэхдээ өндөр дуугаар загнаад байна уу гэмээр ярилцаж буй. Үргэлжлүүлэн цагдаа ярьж байна. Тэрээр “тус хэлтсийн алба хаагчид эмзэг цэг арга хэмжээг үргэлжлүүлж байна. Эмзэг цэг арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн объектэд ирсэн байна. Тус объектэд биеэ үнэлэлтийг зохион байгуулж байна. Объектэд 25-35 насны гурван эмэгтэй байна. Нэг үйлчлүүлэгчтэй байхад нь илрүүлэн шалгаж байна” гэжээ.
Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар биеэ үнэлэлт хориотой. Тиймээс биеэ үнэлэлтийг таслан зогсоохоор буюу хуулийн хэрэгжилтийг хангахын тулд цагдаа ажиллах нь үүрэг нь. Гэхдээ гэмт үйлдлийг зогсооно гэж явахдаа бусдын эрхийг зөрчиж, амиа хорлохоос өөр аргагүй байдалд хүртэл нь хэтрүүлж, нийтийн өмнө шившиглэж болохгүй. Эгээ л superman гэж өөрсдийгөө бодож байгаа мэт бахдангуй ярих цагдаагийн бахдалын ард хэчнээн хүний амь дээсэн дөрөөн дээр очиж буй бол.
Жишээ НЭГ: Мэдээнд биеэ үнэлэгч авахаар очсон 20 настай залуу өөрийг нь хүмүүс таньснаас үүдэн сэтгэл гутралд орж амиа хорловол яах вэ? Арагш нь харуулж зогсоогоод яриулсан, царай нь харагдахгүй юм чинь зүгээр гэж байгаа бол эндүүрэл. Хүүхэд хүртэл ээжийгээ үнэрээр нь мэддэг. Яг түүн шиг таньдаг хүмүүс нь дуу хоолой, биеийн хэлэмж, бие хаа, өмссөн хувцсаар нь танихад хялбар. Тэр хууль зөрчсөн байж болно, хариуцлагаа хүлээх ёстой. Гэхдээ хуулиас өөрөөр давхар ялалж, давхар давхар хохироож болохгүй. Түүнийг нь бүр цагдаа хийж болохгүй.
Жишээ ХОЁР: Биеэ үнэлэгч хэмээн ярилцлага өгсөн эмэгтэй бэлгийн мөлжлөгт буюу бусдын эрхшээлд ороод биеэ үнэлдэг бол яах вэ? Тэр урьд нь хүчирхийлэлд өртсөнөөсөө үүдэж биеэ үнэлэгч болсон бол яах вэ?
Хүн алсан этгээдэд ч эрх байдаг. Гэтэл түүнийг хэн ч мэдэж, танихад илтээр ярилцлага өгүүлэх шаардлага цагдаад байсан уу? Тэр бас амиа хорловол… энэ нөхцөл байдал нь улам даамжирвал… түүнийг хэн нэгэн янхан гэж цохиж зодож аминд нь халдахыг оролдвол сенсааци тарих гэсэн сэтгүүлч, ажил хийсэн болж харагдаж буй цагдаа хоёр хариуцлага хүлээх үү?
"Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ-ын тэргүүн Г.Ганбаясахын хэлснээр сүүлд буюу 2017 онд хийсэн судалгаагаар биеэ үнэлэгчдийн дийлэнх нь бэлгийн мөлжлөгт өртөж, бусдын эрхшээлд орж эсвэл бага насандаа хүчиндүүлснээс үүдэн биеэ үнэлэгч болсон байдаг гэдгийг онцолсон.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн цаад шалтгаан нөхцөлийг таслан зогсоох, биеэ үнэлэлтийг зохион байгуулж, тэднийг эрхшээлдээ байлгаж дарамтлаад буй хүмүүсийг шалгах нь нэн чухал. Харин цагдаа юу хийгээд байна вэ?
Хохирогч байж мэдэх хүнээ нийтийн өмнө шившиглээд зогсох цагдаа ЕЭ ЕЭ БӨӨВӨӨ! Зүгээр л хуулиа мөрдөөд торгох бол торгоод биеэ үнэлэгч, түүнээр үйлчлүүлсэн хүнд хариуцлагыг нь хүлээлгэ! Битгий нийтийн өмнө шившиглэж амьдрах эрхийг нь боо !
Сэтгүүлч бас еэ еэ бөөвөө !
Сэтгүүлч хэн хүнээс илүүтэй хүний эрхийг дээдэлдэг, ёс зүйн кодоо регистрийн дугаар шигээ цээжээр мэддэг байх бичигдээгүй дүрэмтэй. Гэтэл хохирогч байж мэдэх хүнээ өөрийн үзэмжээр биеэ үнэлэгч гэж цоллоод, загнах шинжтэй ярилцаж байх нь тэр. Ялгаварлан гадуурхах, буруу зөвийг шүүх шиг шүүх нь хариуцлагатай сэтгүүлчийн хийх зүйл биш. Биеэ үнэлэгчтэй ярилцлага хийх гэж байгаа бол харин ямар шалтгаан нөхцөлөөр хууль зөрчиж, биеэ үнэлэх ажил эрхлэх болов? Хэн нэгний дарамт эрхшээлд бий юу? бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан эсэх зэргийг нь гаргаж ирэхийн төлөө байх ёстой юм. Дуулиан дэгдээх үүднээс хүний хувийн мэдээллийг тоочихгүй байхад анхаарч, олон нийтэд хэрэг болохуйц мэдээллийг өгөхөө умартаж болохгүй. Мэргэжлийн бус, хүнлэг бус, сенсааци л хөөх санаархалтай сэтгүүлч еэ еэ бөөвөө !
Хэрэв уншигч та бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн талаар мэдээлэх бол ХЭҮТ-ийн тусламжийн утас руу 9649-0505 холбогдоорой.
Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв ТББ
Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ын сургалт, тараах материалаас ишлэв.