Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.09.09/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнөөдрөөс эхлэн Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Гадаад хэргийн яам болон ЭМЯ мэдээллээ нэгтгэн хүргэхээр болсноо дуулгалаа.
ХӨСҮТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
-Сүүлийн хоёр өдрийн байдлаар нийтдээ 350 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Тухайлбал,
-Наймдугаар сарын 20-нд Хонгконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 113 хүний давтан шинжилгээ,
-Наймдугаар сарын 27-28-нд Замын үүд боомтоор орж ирсэн 95 хүний давтан шинжилгээ,
-Тусгаарлах ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний шинжилгээ,
-Сувилалд тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ,
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ,
-Наймдугаар сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 хүний сорьцод давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 310, үүнээс эдгэрсэн 296 хүн байгаа бол 14 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өчигдөр 22.00 цагт Хонгконгоос 261 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн эхний шинжилгээний хариу маргааш гарна.