АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн хуульчаар ажиллаж байсан Майкл Коэн Цагаан ордны тэргүүний тухай шинэ номондоо түүнийг “мафийн толгойлогч шиг аашилдаг” хэмээгээд засаршгүй арьсны үзлийнх нь талаар маш олон жишээ татжээ. “Disloyal: A Memoir” хэмээх дурдатгал номоо Коэн Трампийн сонгуульт ажлын үеэр санхүүгийн луйвар үйлдсэн хэргээр шоронд ял эдэлж байхдаа бичсэн байна.
Коэн шинэ номондоо Трампын бүх булхайг, түүний “үнэн төрх”-ийг илчлэхийг зорьсон гэнэ. Түүний бичсэнээр Трамп өнгөт арьстай, латин гаралтай бүх хүнийг дорд үздэг, Өмнөд Африкийн тэргүүн агсан Нельсон Манделаг хүртэл “удирдагч биш” гэж хэлж байжээ. “Хар хүний удирддаг олигтой ганц улсын нэр хэлээдэх. Бүгд жорлон шиг болсон газрууд” гэж Трампын хэлж байсныг Коэн номондоо оруулсан байна. Трамп мөн Барак Обамаг “үзэн яддаг” гэж Коэн бичжээ. Харин латин гаралтай хүмүүсийн тухайд Трамп “Испани хэлтнүүд надад саналаа өгөхгүй. Тэд харууд шиг надад санал өгөхөөргүй тэнэг хүмүүс. Лав миний талын улс биш” гэж хэлснийг нь Коэн эш татсан байна.
Коэний бичсэнээр Трамп “АНУ-ыг өөрийнхөө хувийн корпорац болгохыг зорьсон, ердийн нэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн тэргүүн” гэнэ. Тэрээр мөн Трампыг ОХУ-аас яаж тусламж авдаг, өөртэй нь нэр холбогдсон биеэ үнэлэгч эмэгтэйг хэрхэн дуугүй болгохыг нь өөрт нь тушаасан, өөрийнх нь ял шийтгэл хүлээсэн санхүүгийн хэрэгт хуучин босс нь бас буруутай тухай гээд олон нууц дэлгэсэн байна. Коэний ном өнөөдөр Америк даяар худалдаанд гарах юм.