Энэ жил зохиогдох байсан ч “Ковид-19”-ийн дэгдэлтээс болж хойшлогдоод байгаа Токиогийн зуны олимпыг ирэх жил “цар тахал намжсан, намжаагүй зохион байгуулна” гэж Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс мэдэгдлээ. Тэрээр Токиогийн олимпыг “Ковид-ыг ялан дийлсэн наадам” нэрээр түүхэнд үлдэнэ гэжээ. Одоогоор зуны олимпыг ирэх жилийн долдугаар сарын 23-нд нээх тов гараад байгаа. Коутс мөн олимпын наадмыг “2021 оноос хойш хойшлуулахгүй, цуцлах бүр боломжгүй” гэж онцолсон байна.
Токио-2020 наадмын зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүто хэдэн хоногийн өмнө мөн ийм байр суурьтай буйгаа илэрхийлсэн. Гэхдээ аль болох цөөхөн үзэгчтэй байлгахыг, нээлтийн болон хаалтын ёслолыг “хялбаршуулахыг” зорьж байна гэсэн юм. Зуны олимпын наадамд 200 орчим улс орон, бүс нутгийн 11 мянга гаруй тамирчин оролцохоор байсан. Тэднийг ирэх жил Токиод авчрахад аяллын ямархуу хорио цээр тавих талаар ОУОХ, Японы албаныхан хэлэлцэж эхлээд байна.