Авто тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ТTC&T компани “Өмнөговь Аймгийн Политехник Коллежтой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд тус коллежийн үйл ажиллагааг дэмжих, шилдэг оюутнуудыг дадлагажуулах, төгссөний дараа ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон боломж олгох юм байна.
Энэ үеэр “Өмнөговь” политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнхтуяа: Манай сургууль 22 мэргэжлээр сургалт явуулдаг. Жилдээ 1000 орчим залуус үйлчилгээний, уул уурхайн, барилгын, техникийн салбарын мэргэжлээр суралцдаг. Ялангуяа, уул уурхай хүнд машин механизм, гагнуурын салбарын шилдэг оюутнууд маань ажлын байраар хангагдах боломж нээгдэж байна. Мөн хоёр байгууллага цаашид нэг нэгнийхээ үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно. Компанийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье” гэсэн юм.
“TТC&T” компанийн дэд захирал Н.Гансүх: Өмнөговь аймагт хамгийн том сургалтын үйлдвэрлэлийн баазтай хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, орон нутгийн залуусаа ажлын байраар хангахад түлхүү анхаарч байна. Манай компани “Ковид-19” цар тахлын энэ үед Улсын болон Орон нутгийн онцгой комисс, Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад байгууллагуудад тодорхой дэмжлэг үзүүлэх,орон нутгийн иргэдийг дэмжихэд анхаарч ажиллаж байна” гэлээ.
Ийнхүү амьдралд ойр, эрэлттэй мэргэжлээр суралцаж буй Өмнөговь политехник коллежийн оюутнуудад шинэ үүд хаалга нээгдэж байна. Оюутолгой болон бусад компаниуд ажиллах хүчээ ихэвчлэн “Өмнөговь” политехник коллежоос авдаг. Тус сургуулийн гагнуурын ангийг төгсөж байгаа оюутнууд нь давхар Австралийн Holmsglen “Хомсглен” коллежийн сертификаттай төгсдөг байна.