Хууль зүйн сайд Х.Нямбаатар Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Д.Гэрэлийн сэтгүүлчид захиалга өгч, бусдын тухай бичүүлэхийн тулд мөнгө төлж буй нууц бичлэг бүхий баримт дэлгэнэ гэдгээ хэллээ. Д.Гэрэл бол Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай ураг садны хамаатай ба тэдний дэмжлэгээр “дээшилдэг” гэх яриа улс төрийн хүрээнд өрнөдөг. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Гэрэлийг алтны уурхайтай, уурхай нь байгаль орчин сүйтгэдэг, нөхөн сэргээлт хийдэггүй гэх хэл аманд орж, өргөдлөө өгөөд ажлаасаа гарах хүсэлт тавихад нь хүлээж аваагүй. Үргэлжлүүлэн ажиллуулсан. Харин саяхан түүнийг чөлөөлж, чөлөөлөгдөөд удаагүй байхад нь У.Хүрэлсүхийн танхимийн сайд Х.Нямбаатар ийнхүү нууц бичлэгийг нь дэлгэнэ гэж мэдэгдлээ. Тэр бүү хэл захиалга авч буй сэтгүүлч нь О гэх эмэгтэй бөгөөд энэ долоо хоногт зохион байгуулалттайгаар бичлэгийг нь цацна гэсэн мэдээллүүд хөвөрч байна. Х.Нямбаатар үнэхээр чин шударгын дүрд тоглож бичлэг цацна гэв үү? Эсвэл Д.Гэрэлээс өс авах, өөр ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээв үү? Тагнуулын Ерөнхий Газрынхаа даргыг нууцаар бичиж чадаад цацна гэдэг нь жижиг асуудалд тооцогдохгүй нь лавтай.