Лос-Анжелесийг Хонконгтой холбох усан доогуурх мэдээллийн кабелийн төслийг цуцаллаа. Учир нь Хятадууд дундаас нь дата хулгайлах эрсдэлтэй гэж албаныхан болгоомжилж байгаа талаар Facebook, Google тэргүүтэй компаниуд мэдэгдлээ. Номхон далайн кабелийн сүлжээ хэмээх уг төслийг Америкийн албаныхан Филиппин, Тайваньтай үргэлжлүүлэн хамтран хэрэгжүүлэх болжээ.
2016 оноос эхтэй уг төслийн 12.800 км урт кабелийг хэдийн байрлуулаад байгаа ч ажиллуулж эхлэхэд АНУ-ын Холбооны харилцаа холбооны хорооны зөвшөөрөл хэрэгтэй байсан. Хонконгийн талын мэдээллийн төвийг Хятадын төрийн өмчит Dr Peng групп хариуцах байжээ. Харин Хятад, Америкийн харилцаа хурцдаад байгаа энэ үед дэлхийн хамгийн урт усан доогуурх кабель болох байсан уг төслийг ийнхүү цуцлахаас аргагүйд хүрч байна. Америкийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд “Хонконгийг Америкийн технологийн компаниудтай шууд холбох нь Азийн цахим зах зээлийг дэлхий дахинд нээж өгөх давуу талтай байсан. Харин албаныхан ийм шийдвэр гаргаснаараа Америкийн компаниудаа өөрсдийн гараар сүйрүүлж байна” гэж мэдэгджээ.