Мексикийн нийслэл Мехико хотын Санта Лусия олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо газар шорооны ажил хийж байсан барилгын ажилчид 200 гаруй арслан заан, 25 тэмээ, таван морины араг яс оллоо. Эрт цагт томоохон гол нуурын эрэг хөвөө байсан байх магадтай уг газраас мөн хүний гараар бүтсэн олон арван багаж, зэр зэвсэг олдсон байна. Арслан заан одоогоос 10-20 мянган жилийн өмнө устаж үгүй болсон юм.
Мексикийн Антропологи, түүхийн үндэсний хүрээлэнгийн археологич Рубен Лопезийн хэлснээр олдвор олдсон газар эртний хүмүүсийн аварга амьтдыг барихад ашигладаг занга байсан байж болох. Эсвэл байгалийн жамаар үхэж, нуурын ёроолд живсэн юм уу, эртний хүмүүс араг ясыг нь нууранд бөөгнүүлсэн байж мэднэ гэв. Энэ нь одоогоор олдоод байгаа хамгийн олон арсан зааны олдвор болж байна.