2017 оны 8-р сарын 22-23-нд шилжих шөнө "Очир" төв нэртэй дэн буудалд 13 настай охин амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн охиныг 20 гаруй настай залуучууд буудалд авч ороод амь насыг нь бүрэлгэсэн. Үүнээс улбаалж ДЭН буудалд хүүхэд орууллаа, хүмүүс архидан согтуурах, бусдыг хүчирхийлэх, зодолдож, танхайрах гэмт хэргүүдийн уул уурхай нь ДЭН буудал боллоо хэмээн нийгэм даяараа шүүмжилсэн. Тухайн үед буудлуудын стандартыг хангуулахад шахаж ажиллана гэж төр захиргааны байгууллагууд хэлж ярьж байсан ч өнөөдрийг хүртэл дорвитой өөрчлөлт гараагүй.
2020 оны 9-р сарын 3-аас эхлээд ЦЕГ, эрүүгийн цагдаагийн албанаас "ДЭМ буудал" нэртэй нэгдсэн арга хэмжээг хийж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй ДЭМ буудлыг шалгаад эхэллээ.
Дэн буудлын эзэн:
– Дэн буудлаар үйлчлүүлэхээр орж ирсэн хүмүүсийн ямар хүмүүст нь үйлчилгээ үзүүлэхгүй байх ёстой гэдгээ та мэдэх үү?
-21 наснаас доош насны хүнд үйлчлэхгүй. Согтуу хүнд бас үйлчлэхгүй
-Үйлчлүүлэгчдээ та ямар шалгуур шаардлага тавьж оруулж байна вэ?
-Иргэний үнэмлэхийг нь үзнэ. Одоо бол гарыг нь ариутгана. Халууныг нь хэмжинэ. Маск зүүж орох шаардлагатай гэж байгаа.
-Таны ажиллуулж байгаа энэ газарт хэрэг төвөг гарах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа тохиолдолд та яахаа мэдэх үү?
-Цагдаагийн байгууллагад л хандана даа.
Х.УНДАРМАА ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ: БУУДЛУУД АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА
Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар, онцгой байдлын газар, дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэс гэсэн дөрвөн байгууллагын хамтарсан шалгалт хийж байна. Ихэвчлэн өрөөнүүдийн ариун цэвэр шаардлага хангахгүй, ор хөнжлийн даавуу шарласан, ор хөнжлийн даавуунуудыг тамхины цогоор түлсэн, матраснууд нь шалчийсан, ерөөсөө сольдоггүй, олон жил хэрэглэсэн зөрчлүүд их гарч байна. Мөн Ковид-19 өвчинтэй холбоотойгоор сард хоёр удаа ариутгал хийсэн байх ёстой. Зарим газрууд ариутгал хийгээгүй байна. Халуун хэмжигч байхгүй, хүмүүсийг масктай оруулахгүй байна.
– Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хувийн хэвшлүүдийг юм л болгон торгож, хааж боох гэдэг шүүмжлэл нийгэмд бий. Таны хувьд ямар хандлагаар, ямар зарчим барьж ажиллаж байна ?
-Тухайн газар зөрчилтэй байвал зөрчлийг нь илрүүлээд хугацаат албан даалгавар өгдөг. Ковид-19 өвчинтэй холбоотойгоор байгууллагуудын орлого буурсан учраас газрууддаа уян хатан хандаад аль болох торгохгүй байх, иргэддээ аль болох зөвлөмж зөвлөгөөг нь өгч ажиллаж байна. Шаардлага өгөөд байхад удаа дараа биелүүлээгүй байх юм бол үйл ажиллагааг нь зогсоох юм уу, торгох тийм арга хэмжээ авч байгаа.