Хоёр улсын харилцаа хилийн зөрчлөөс болж хурцдаж буйтай холбоотойгоор Энэтхэг улс Хятадын компаниудаас гаргасан гар утасны 118 аппликэйшнийг нэмж хориглох шийдвэр гаргалаа. Шинэ Делигийн эрх баригчид өмнө нь TikTok зэрэг нийт 59 аппликэйшнийг улсынхаа аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хориглосон юм.
Энэтхэгийн Мэдээллийн технологийн сайдын хэлснээр “хар жагсаалт”-д шинээр нэмэгдсэн дээрх 118 аппликэйшн Энэтхэгийн ашиг сонирхолтой зөрчилдөж байна.
Тэдний дунд
·Baidu-гийн хайлтын хоёр хуудас
·CamCard-ийн нэрийн хуудасны сканер
·Alibaba-гийн Alipay төлбөрийн апп
·Taobao-гийн худалдааны платформ
·Netease-ийн Marvel Super War зэрэг тоглоом
·Sina News мэдээллийн сайт зэргийн аппликэйшн багтжээ.
Энэтхэг, Хятадын харилцаа Гималайн нуруугаар тогтоосон хоёр орны хилийн зурвасын орчимд гаараад байгаа хилийн зөрчил, мөргөлдөөнөөс болж хурцдаад байгаа юм. Талуудын аль аль нь газар нутгийн маргаантай Ладакийн тойрогт өнгөрсөн зургадугаар сард цэрэг оруулсан нь зэвсэгт мөргөлдөөнд хүргэж, Энэтхэгийн 20 гаруй цэрэг амь үрэгдсэн. Хятадын талаас энэ бүс нутагт шинээр зам, гүүр барьж байгаа нь нутгийн иргэдийн төдийгүй Энэтхэгийн албаныхны эсэргүүцэлтэй тулгараад байна.
АНУ мөн Хятадын компаниудын эсрэг “цахим дайн” зарлаж, Тик Ток апплейкэшнийг хориглосон бол дотоодын компаниудаа WeChat-тай бизнес хийхийг хориглоод байна.