Хонконгийн албаныхан бүх иргэнээ буюу долоон сая хүнийг коронавирусийн үнэгүй шинжилгээнд хамруулж эхэллээ. Энэ ажлыг эх газрын Хятадаас томилогдсон эмч мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хийж байгаа юм. Харин Хонконгийн Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нэгдсэн эвлэлийнхэн энэхүү ажлыг хөрөнгө мөнгө үрсэн бүх Хонконгчуудын ДНК-г бүртгэж авахын тулд, илүү хяналтаа тогтоохын төлөө хийж байнаа хэмээн шүүмжилж байгаа юм.
Хонконгт одоогоор коронавирусийн халдвартай 5000 орчим хүн бүртгэгдээд байгаа. Энэ нь харьцангуй бага тоо ч албаныхан дээрх шийдвэрийг гаргасан нь саяхан Бээжингээс баталсан Хонконг дахь аюулгүй байдлын тухай хуультай холбоотой гэж ажиглагчид таамаглаж байна. Хотын хэмжээнд шинжилгээний дээж авах 140 төв нээжээ. Хэдий албаныхан нэгдсэн шинжилгээг зөвхөн сайн дурынханд хийнэ, хэнийг ч албадахгүй гэж байгаа ч энэ сарын сүүлч гэхэд дор хаяж таван сая хүнийг шинжилгээнд хамруулна гэсэн зөрүүтэй мэдээлэл өгсөөр байна.
Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонг нарын идэвхтнүүд Хонконгчуудаас шинжилгээнд хамрагдахгүй байхыг уриалж, үнэгүй шинжилгээний хөтөлбөрийг Хятадын “Тандалт, хяналтын дэглэмээ тогтоох гэсэн башир арга” гэжээ.