Орост коронавирусийн халдвартай хүний тоо өчигдөр 4729-өөр нэмэгдэж, нийт халдвартай хүний тоо нь нэг сая давснаар тус улс “Ковид-19” цар тахлаар хамгийн олон иргэн нь өвчилсөн дэлхийн дөрөв дэх улс боллоо. Тус улсын өмнө АНУ, Бразил, Энэтхэг бичигдэж байна. Орост халдвартай хүмүүсийн 815 мянга гаруй нь эдгэсэн бол нас барсан хүнийх нь тоо 17 мянга давжээ. Гэхдээ Оросын эрүүл мэндийн салбарынхан ч, гадаадын ажиглагчид ч халдвартай хүний тоог үүнээс ч өндөр байгаа, шинжилгээ хангалттай сайн хийж чадахгүй байгаа учир зовуур багатай, шинж тэмдэггүй өвчтөнүүдийг тэр бүр илрүүлэх боломж дутмаг, мөн эрх баригчид зарим мэдээллийг нуун дарагдуулсан гэж үзэж байна.
Оросын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт “Ковид-19”-ийн эсрэг дэлхийн анхны вакциныг бүтээснээ, удахгүй 40-өөд мянган хүнийг эхний удаагийн вакцинжуулалтад хамруулахаа зарласан. Харин барууныхан тэрхүү вакциныг нь хэдхэн хүнд туршсан, хэт яаран гаргасан, бүрэн төгс биш гэж хардаж байгаа юм.