“Тэг”-ээс эхэлсэн 1825 дахь өдөр…
Шинэ улирал эхэллээ. Амралтын цэнэгээ бүрэн базаасан уншигчиддаа таван жилийн ойгоо угтаж буй OI энтертайнментийн тухай өөрийн сэтгэлд бүтээсэн бяцхан түүхийг хуваалцахаар бэлтгэлээ. Аливаа зүйлийг эхлүүлэх тун хэцүү байдгийг олонтаа харсан билээ. Сонин, сайт, радио телевиз тэр бүү хэл суурийг нь бататгаж чадаагүй дампуурлаа зарласан олон газрыг харж байв ,бас хамт ч унаж байв. Харин амжилттай явааг нь онцолсон ч, амжилтгүй олон өдрийг туулж өнгөрүүлсэн OI энтертайнментийн хэсэгхэн түүхийг энд өгүүлье.
СУИС-ийн бүтээгдэхүүн гэгддэг дээ. Бүтээнэ, сөнөөнө гэсэн дөрвөн залуу OI энтертайнментийг үүсгэн байгуулж, “Хүсэл” нэртэй бүрэн хэмжээний УСК дэлгэцэнд гаргаснаар залуу уран бүтээлчидтэй цоо шинэ кино компани байгуулагдсаныг “анх” мэдсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл OI энтертайнментийн үнэнч үзэгчдийн нэг хэвээр байна. Миний мэдэж буйгаар ганцхан ширхэг гэрэл зургийн аппараттай ажлын гараагаа эхлүүлсэн залуус өнөөдөр кино урлагийн салбарт тод өнгө нэмж байгааг харах таатай юм аа. Шинэ бүхний эхлэл адил хүнгүйднэ, хүчгүйднэ, тоног төхөөрөмжгүйднэ. Гэсэн ч тэд зогсоогүй, ухраагүй “тэг”-ээс эхэлж 1825 дахь өдрөө амжилт дүүрэн, ажил ундарсан завгүй угтаж байна. “Би дурламаар байна”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Солонго үүл”, “Насан туршдаа”, “Манан зүсэгч” зэрэг УСК бол энэ шижигнэсэн залуучуудын нэрийн хуудас гэж үнэнч үзэгчийнх нь хувьд бодож явдагаа бичмээр санагдлаа. Саяхан хүртэл “Галзуу дурла” нэртэй 10 ангит цувралаа дуусгалаа гэж дуулдаж байтал үргэлжлүүлээд цоо шинэ бүрэн хэмжээний кино төслийн ажилдаа орсоныг нь сонсоод жаахан “омогшчихлоо”. Ёстой л хөдөлмөрлөдөг, сэтгэдэг, бүтээдэг энэ залууст урлагийн Янжинлхам бурхан хайртай байхаас ч яахав дээ. Таван жилийн ойгоороо үзэгч фэнүүддээ даруухан мэндчилгээ илгээж уран бүтээлийн тайлангаа богинохон бичлэг болгосныг дор хавсаргав. Монголд ийм бүтээлч продакшн байгаад үзэгчийн хувьд баярлалаа гэх нь зөв зүйтэй билээ.