Хятадын албаныхан Австралийн иргэн, хятад гаралтай Чэнь Лэй хэмээх телевизийн нэртэй хөтлөгчийг хоёр долоо хоногийн өмнө баривчилсан тухай Австралийн тал мэдээллээ. Тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр CGTN сувгийн хятад хэл дээрх нэвтрүүлгийн хөтлөгч Чэнь Лэйг Хятадын цагдаа нар “тусгай статустай газар тагнах, чагнах ажиллагаа явуулсан” хэмээн саатууллаа. Хятадын хуулиар сэжигтнийг зургаан сар хүртэлх хугацаанд хорьж, байцаадаг. Бээжингийн зүгээс одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Чэнь Лэйг хорих газар саатуулсан нь наймдугаар сарын 27-нд Австралийн албаныханд ирүүлсэн бичлэгээр ил болсон. Тэрээр найм дахь жилдээ CGTN сувагт ажиллаж байгаа, Австралид бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд гэр бүлийнхэн нь түүнээс сураг дуулалгүй олон долоо хонож байна гэжээ.
Хятад, Австралийн харилцаа сүүлийн үед хурцдаад байгаа нь Австралийн тал коронавирусийн үүсэл гарлыг судлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаас болж буй. Мөн өнгөрсөн долдугаар сард Австралийн Засгийн газар иргэдээ Хятад руу зорчихгүй байхыг анхааруулсан нь Бээжингийн эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Хятадын албаныхан Австрали дарсны импортод дахин хяналт шалгалт тавих болсон, хариуд нь Австралийн эрх баригчид орон нутгийн засаг захиргааг гадаадын орнуудтай, тэр дундаа Хятадтай онцгойлон шууд харилцахыг хориглох шийдвэр гаргасан зэргээр хоёр орны зөрчил үргэлжилсээр байна.
Өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сард хятад гаралтай Австралийн зохиолч Ян Хэньжүнийг Хятадад саатуулж, одоо хүртэл хорионд байлгаж байгаа нь мөн хоёр орны харилцаанд сэв суулгажээ.