Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдвар хамгийн их тархаад байгаа 105 оронд өнгөрсөн гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд нарийвчилсан судалгаа явуулахад 90 хувьд нь эрүүл мэндийн систем бүрэн доголдсон, эмч мэргэжилтэн, эм тарианы хүрэлцээтэй байдал нь дээсэн дөрөөн дээр байгаа гэсэн дүн гарчээ. Мөн 70 хувьд нь түргэн тусламжийн тасгийнх нь үйл ажиллагаа алдагдаж, бусад хүнд өвчтөнд, түүний дотор сэтгэцийн өвчтэй, хорт хавдартай өвчтөнүүдэд тавих анхаарал нь тодорхой хэмжээгээр суларсан байна. Харин дээрх орнуудын 67 хувьд нь хөл хорио, эдийн засгийн хямралтай холбоотойгоор эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө мөнгөний хэмжээ мэдэгдэхүйц танагдсан байна. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус энэхүү судалгааны дүнг “Эрүүл мэндийн салбарыг чухалчилдаггүй улс орнуудад сургамж болох байх” гэж онцолжээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр “Ковид-19”-ийн халдвартай хүний тоо дэлхийн хэмжээнд 25 сая давж (үүний зургаан сая нь АНУ-д бүртгэгдээд байна), 846 мянган хүн амиа алдаад байна.