Гэрэл зургийг: MPA
Мөнгөн хонх цангинаж, хичээлийн шинэ жил эхэллээ. Догдолж хөөрсөн багш, сурагчид, баяр хөөр, инээд, цалгисан их хайр энэ л өдрийнх. Хүн бүхэнд сургуульдаа яарсан, нэгнээсээ бишүүрхсэн, бас догдолсон дурсамж байдаг болохоор магадгүй өнөөдөр хүн бүрийн хувьд онцгой өдөр. Энэ л онцгой өдөр намуухан, чанга шуугиан, нүргээнт хөгжимгүйгээр эхэллээ. Гэхдээ, хүүхдийн энерги, сурах чин хүсэл цацарч байгаа нь юутай бахтай.
2020-2021 оны хичээлийн жилд сурагчид гурван өдөр танхимаар хичээллэж, хоёр өдөр теле хичээлээ үзнэ. Ковид-19 халдвараас сэргийлэх, эрсдэл бууруулахын тулд ийм шийдвэр гаргасан. Мөн монгол хэл, математикийн хичээлийг танхимаар зааж, бусдыг нь гэртээ зурагтаар үзнэ. Үүнийг дагаад “хоёрын хооронд шийдвэр гаргалаа, хүүхдээ зөөхөд хүндрэл учирна” гэх олон янзын шүүмжлэл өрнөж байсан ч ийнхүү өнөөдөр сургуулиуд үүдээ нээлээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 81 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна. Харин цэцэрлэгийн тухайд, хоёр настай хүүхдүүдийг элсүүлэхгүй байхаар шийдвэрлэж, 5 настай 79 мянга 900 хүүхдийг бүрэн хамруулж байгаа юм.