Өнгөрсөн сарын 15-нд Энэтхэгийн далайд орших Маврикий улсын эрэг орчимд Японы нефть тээсэн ачаа тээврийн хөлөг онгоц жолоодлого алдаж, 4000 тонн газрын тосны 1000 орчим нь далайд асгарсан байна. Газрын тосонд бохирдсон далай тэнгисийн усыг одоо хүртэл цэвэрлэсээр байгаа ч далайн экосистемд үзүүлэх сөрөг нөлөө нь хэдэн арван жилээр үргэлжилж мэдэхээр байгаа аж.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нефть асгарсан газраас зугтаж яваа олон арван далайн гахай загасчдын камерт өртжээ. Бараг 200-гаад дельфин нефтид бохирдсон усанд хордсон гэсэн мэдээ байна. Тэдний дунд эх, хүү дельфин байсан бөгөөд цөхрөнгөө барсан эх дельфин эцсээ хүртэл үр төлөө хамгаалж, далайн цэвэр устай хэсэг рүү хүрэх гэж тэмцэж байгаа нь дээрх бичлэгт үлджээ. Бичлэгийн талаар Рюбен Пиллай хэмээх загасчин Английн “Daily Mail” сонинд ярьжээ. Эх дельфин хэдий өөрөө тамираа барсан ч тугалныхаа толгойг тостой уснаас дээгүүр байлгах гэж бие дээрээ авч явсан байна. Гэсэн ч удалгүй тугал нь хөдлөхөө больж, эх нь ч хэдэн хормын дараа амь тавьсан байна. “Энэ явдлыг нүдээр үзсэн загасчид бүгдээрээ нулимс унагасан” гэж Пиллай ярьжээ. Газрын тос асгарсан газар 40-өөд далайн гахай амь тавьж, цогцос нь давлагаанд түрэгдэн эрэг дээр гарч ирсэн байна.