Өдгөө 66 настай, 1992 онд ХДХВ-ийн халдвар авсан Лорийн Уилленберг хэмээх эмэгтэй ямар нэг эм тариа, чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээгүйгээр ДОХ-ын вирусгүй болсон дэлхийн анхны хүн болсныг “The New York Times” сонин мэдээлжээ. Судлаачид өвчтөний цусан дахь эсийг өмнө нь хэрэглэж байгаагүй шинэ аргаар шинжлээд ХДХВ байхгүй болсныг тогтоосон байна. Энэ нь өвчтөний дархлаа өөрийгөө “идэвхжүүлж”, вирусийг үгүй хийсэн гэсэн үг гэнэ. Дээрх эмэгтэйтэй төстэй шинж тэмдэгтэй 63 хүнийг нарийн хяналтад хамруулж, цусыг нь шинжлэхээр бэлтгэж байна.
Өмнө нь ердөө хоёр хүн ХДХВ-гүй болж бүрэн эдгэсэн бөгөөд хоёулаа хорт хавдрын нарийн эмчилгээ болох чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд орж, олон сараар эмчилгээ хийлгэж байжээ.
Одоогоор дэлхийн хэмжээнд 37 сая хүн ХДХВ-тэй гэсэн тоон мэдээлэл байдаг. Тэдний 0.5 ч хүрэхгүй хувь нь вирусийг эсэргүүцэх байгалийн “механизм”-тай байх магадлалтай гэсэн таамаг байдаг байна.