Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон өнгөрсөн долдугаар сарын 27-ноос хойш олны өмнө гараагүйг олон улсын ажиглагчид “сэжигтэй явдал” гэж үзэж байна. “Энэ нь магад шинжээчдийн таамаглаж байснаар ахынхаа орыг дүү нь хэдийнэ авсны баталгаа байх” гэж Өмнөд Солонгосын “Чосун Илбо” сонинд бичжээ. Сөүлийн албаныхан Ким Жон Уныг ухаангүй байгаа гэж таамаглах болсон гэх мэдээлэл мөн цацагдаад байгаа юм. Хойд Солонгосын асуудлаар мэргэшсэн ажиглагчдын онцолж буйгаар өмнө нь тус улсад хэн нэгэн их удирдагчийн дараа орох, улсын №2 хүн боллоо гэхэд шуудхан олны нүднээс далд, хатуу хамгаалалттай нэгэн болдог тул дээрх таамаг үнэний ортой байх магадлалтай юм.
1987 онд төрсөн Ким Ё Жон эрх баригч Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын хэлтсийн нэгдүгээр орлогч даргын алба хашдаг. 2017-2019 онд намын Улс төрийн товчооны орлогч гишүүнээр ажиллаж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард уг албандаа ахин томилогджээ.