Британийн гудамжны зураач, жинхэнэ нэр, нүүр царайгаа нуудгаараа алдартай Бэнкси Хойд Африкийн дүрвэгчдэд тусалж, тэднийг Европын эрэгт аюулгүй авчрах хөлөг онгоцыг нууцаар санхүүжүүлснийг “The Guardian” сонин мэдээллээ. “Louise Michel” нэрт хөлөг онгоц Испанийн эргээс энэ сарын 18-нд хөдөлж, Газар дундын тэнгисийн төв хэсгээс 89 хүнийг, түүний дотор 14 эмэгтэй, дөрвөн хүүхдийг аварчээ. “Louise Michel” хөлгийнхөн одоо зангуугаа хаях, өөрсдийг нь хүлээж авах боомт хайж байгаа гэсэн албан бус мэдээ байна. Бэнксигийн зурагтай, ягаан өнгөтэй уг хөлөг Германы далбаан дор явж байгаа юм.
Бэнкси Хойд Африкийн дүрвэгчдэд тусалдаг Европын идэвхтэн залуусын хөдөлгөөний тэргүүн рүү цахим шуудан илгээсэн нь ил болсноор “The Guardian”-ий сэтгүүлчид энэхүү явдлыг олж мэджээ. Бэнкси улс төр, нийгмийн сэдвээр зургаа зурдаг, хүмүүнлэгийн үйлсэд үе үе идэвхтэй оролцдог, мөн цаг үеийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, зургаараа энд тэнд “зурвас” үлдээдгээрээ зартай билээ.