Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа огцрохоор боллоо. Олон жил бүдүүн гэдэсний үрэвслээр шаналж байгаа, өдгөө 65 настай тэрбээр энэ долоо хоногийн эхээр Японы түүхэн дэх хамгийн олон жил засаг барьсан Ерөнхий сайдаар тодорсон юм. Шинзо Абэ 2006-2007 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байгаад 2012 онд дахин Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусгавар болохоор байжээ.
Абэгийн биеийн байдал түрүү долоо хоногт дордсон. Тэрбээр долоо хоногийн хугацаанд хоёр ч удаа эмнэлэгт хүргэгдсэн бол нэг удаад нь бүр найман цаг эмчид үзүүлсэн гэж орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Эрх баригч Либерал ардчилсан намаас хэд хоногийн өмнө Абэг огцрохгүй гэж мэдэгдэж байсан юм. Эрх баригчдын сонгох дараагийн Ерөнхий сайд Абэгийн бүрэн эрхийн хугацааг дуустал буюу 2021 оны есдүгээр сар хүртэл Засгийн газрыг тэргүүлнэ.