ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Россия 1” сувагт өгсөн ярилцлагадаа Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хүсэлтээр цагдаагийн тусгай хүчин бүрдүүлсэн, нөхцөл байдал хурцадвал мөнөөх хүчнээ Беларусь руу оруулахад бэлэн гэж мэдэгдлээ. Гэхдээ байдал тэгтэл дордохгүй гэж найдаж байна хэмээн онцолжээ.
Энэ сарын 9-нд болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэгчид улс орон даяар жагсаал цуглаан зохион байгуулж, Лукашенко хэвлэл мэдээллийн байгууллагуудад хатуу хяналт тогтоон, сөрөг хүчний бүхий л үйл ажиллагаанд хориг тавиад байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр гадаад, дотоодын 13 сэтгүүлчийг сөрөг хүчнийхэн ахин нэг томоохон цуглаан зохион байгуулах нь гэсэн сургаар баривчилсан мэдээ байна.
Олон улсын ажиглагчид сонгуулийг шударга, нээлттэй болоогүй гэж үзэж байгаа агаад 26 дахь жилдээ төрийн эрх барьж байгаа Лукашенко сонгогчдын 80 хувийн санал авсан гэж эрх баригчид мэдэгдсэн юм. Лукашенког “Европын сүүлчийн дарангуйлагч” гэдэг билээ.