Дэлхийг хэрсэн түргэн хоолны сүлжээ KFC "Finger Lickin' Good" буюу “Хуруугаа долоом амттай” гэсэн сурталчилгааныхаа үгийг коронавирусийн хөл хорио, эрүүл ахуйн шалтгаанаас болж албан ёсоор халжээ. Тус сүлжээний ихэнх салбар өнгөрсөн гуравдугаар сард хаагдсан ч саяхан эргэн нээгдсэн юм.
Гурав, дөрөвдүгээр сард “Ковид-19”-тэй холбоотойгоор, KFC-ийн телевизийн сурталчилгаанд дургүйцсэн 163 гомдол санал ирсэн байна. Тиймээс ч тус компанийнхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулдаг хуучин зар сурталчилгаануудаа бүгдийг нь татжээ.
1930-аад онд байгуулагдсан KFC 1950-иад оноос "Finger Lickin' Good" гэх сурталчилгааг ашиглаж ирсэн. Харин 1990-ээд онд хэсэг зуур халсан ч 2008 онд буцаан сэргээжээ. KFC нь дэлхий даяар 22500 орчим салбартай, “Pizza Hut”-ийг давхар эзэмшдэг “Yum!” брэндийн охин компани юм.