Шинэ төрлийн коронавирус буюу “Ковид-19” цар тахлын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй (дотооддоо алдаагүй, мөн гаднаас зөөвөрлөгдөөгүй) 10-хан улс үлджээ. Маш хатуу хяналт тогтоосон учир өнөөг хүртэл нэг ч өвчтөнгүй байгаа хэмээн өөрсдийгөө ам бардам магтаж байгаа Туркменистан, Хойд Солонгос хоёрыг эс тооцвол шүү дээ. Харин тэдгээр 10 улс бүгд Номхон далайн арал орнууд байна.
·Палау
·Микронез
·Маршаллын арлууд
·Науру
·Кирибати
·Соломоны арлууд
·Тувалу
·Самоа
·Вануату
·Тонга гэсэн улсууд “Ковид-19”-гүй “бүлгэм”-ийг бүрдүүлж байгаа бөгөөд бараг бүгд өнгөрсөн гуравдугаар сарын эхээр хилээ хаажээ. Гэхдээ цар тахлын дэгдэлтээс ангид үлдлээ гээд эдгээр улс эдийн засгийн хямралаас сэргийлж чадахгүй байгаа аж. Аялал жуулчлалаас олдог ашиг орлогоороо төсвөө дангаараа шахам бүрдүүлдэг эдгээр улсын зоогийн газар, зочид буудлууд хил хаагдаж, бусад улсад хатуу хөл хорио тогтсоноос хойш бүхэлдээ хоосорч, ачаа тээврийн болон загас агнуурын хөлгүүд нь хүртэл зангуугаа хаяж чадахгүй далай тэнгисийн уснаа 14 хоног саатах болсон тул амин зуулгын салбарууд нь хүртэл гацалтад орж, ажилгүйдэл огцом өсчээ. Нэг үгээр, цар тахлаас зугтаж болох ч түүнийг ялан дийлэх аргагүй юм.
Азийн хөгжлийн банкны тооцоогоор Номхон далайн орнуудын ДНБ энэ жил дунджаар 5-10 хувиар буурах төлөв гарсан нь 1980 оноос хойших хамгийн том уналт болох юм.