Онцгой байдлын ерөнхий газраас өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.
Сургалт Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд зохион байгуулагдсан бөгөөд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдсан.
Алба хаагчид сургалт, дадлагаар мөнх цаст өндөр уулын хүнд нөхцөлд осолдогч, нэрвэгдэгсдийг аврах, өргөх буулгах, шилжүүлэн байршуулах техникт суралцсан юм.
Түүнчлэн сургалтын үеэр Цамбагарав хайрханы Цаст оргил/4,196м/, Цэнгэл хайрханы Цэнгэл оргил/3,943 м/, Хөх Сэрхийн нурууны Тахилт оргил/4,192 м/, Мөнххайрханы Жамъяангарав оргил/4,150 м/-д авиралтыг амжилттай гүйцэтгэж, Онцгой байдлын байгууллагын тугийг мандууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.