"Ковид-19” цар тахлаас болж дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртчихөөд байгаа энэ үед Номхон далайд орших Вануату улс гадаадын иргэдэд иргэншлээ худалдаж, төсвөө урьд хожид байгаагүй их мөнгөөр бүрдүүлжээ. Цар тахлын хөл хорионоос гадна өнгөрсөн дөрөвдүгээр сард ихээхэн гай гамшиг тарьсан Харольд нэрт хар салхинаас болж тус улсын эдийн засаг энэ оны эхээр бараг өвдөг бохироод байж. Харин иргэншлээ худалдах хөтөлбөрийнхөө ачаар одоогоор бараг 63 сая ам.доллар олоод байна. Энэ нь зөвхөн жилийн эхний хоёр хагасын дүн бөгөөд түрүү жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 32 хувийн өсөлт аж. Хөтөлбөрийн нийт ашиг энэ сарын сүүлч гэхэд 85 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. Вануатугийн эрх баригчид чухам энэ л хөтөлбөрийнхөө ачаар өнгөрсөн гуравдугаар сард Хятадад өглөгтэй байсан 13 сая ам.долларын өрөө хугацаанаас нь өмнө төлж барагдуулжээ.
Тус улсын иргэншлийг хэн хүссэн нь 130 мянган ам.доллароор худалдан авч болно. Үүний 80 мянга нь шууд төрийн санд орох бол үлдсэн хувь нь зуучлагч компанийн орлого болдог байна. Одоогоор гадаадын 650 иргэн тус улсын иргэншлийг худалдаж авчээ. Хагас жилийн дотор ийм олон хүн энэхүү жижигхэн арал улсын иргэн болсон нь Вануатугийн паспортоор Европын холбооны орнууд болон Их Британи, ОХУ зэрэг нийт 120 гаруй оронд визгүй зорчиж болдогтой холбоотой аж.
Орчуулсан Л.Очир