Монгол улс жилээ 2,5 сая метр даавууг сурагчдын дүрэмт хувцас, ажилтнуудын хувцас зэрэг ахуйн хэрэглээнд хэрэглэдэг гэсэн статистик гарсан байна. Гэвч харамсалтай нь энэхүү даавууны хэрэгцээг 100 хувь импортын даавуугаар нөхдөг.
Манайд жилд 25 мянган тонн хонины ноос гардгаас 20-30 хувийг нь л утас болгож ашигладаг юм байна.
Өрөг.мн сайтын сурвалжлах баг Монголдоо хонины ноосон цэвэр даавуу үйлдвэрлэж байгаа “Могол ноос” ХХК-ийн үйлдвэр дээрээс сурвалжлагыг бэлтгэлээ.
“Могол ноос” ХХК нь 1995 оноос ноос ноолуур боловсруулах чиглэлээр ажиллаж байна. 2012 оноос дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж ашиглагдахгүй байсан бүдүүн ноосыг ашиглаж нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэж эхэлсэн. Энэ нь Монгол улсад ноосон төрлийн өргөн хэрэглээний даавуу үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн.
Хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр утас ээрч, түүгээрээ даавуу үйлдвэрлэн, сурагчдын дүрэмт хувцас, пальто зэрэг эцсийн бүтээгдэхүүн гаргаж байна.
Зах зээлийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалан “Могол ноос” компанийн үйлдвэр хүчин чадлынхаа 20-50 хувьд хүрч ажилладаг гэнэ. Хэрвээ 100 хувийн хүчин чадалтайгаар ажилбал жилдээ 150 тн нарийн ээрмэл, 350 тн бүдүүн ээрмэл утас, 500 мянган метр даавуу, үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжтой аж.
“Могол ноос” ХХК-ийн үйлдвэрийн дарга А.Ариунболд:
“Бид малчдаас худалдаж авсан хонины ноосоо анхан шатны үйлдвэр дээрээ боловсруулан, ээрмэл утасныхаа үйлдвэрт утсаа бэлтгэдэг.
Өөрсдийн бэлдсэн утсаа “Blue Sky” ХХК-ийн үйлдвэрт өгч даавуу болгон үйлдвэрлүүлдэг. Бэлэн болсон даавуугаараа өөрийн оёдлын үйлдвэр дээр оёмол бүтээгдэхүүн болох сурагчдын дүрэмт хувцас, пальто үйлдвэрлэж байна.
Бид 100 хувийн хонины ноос болон бусад ширхэгтүүдтэй холиотой даавуунуудыг үйлдвэрлэн гаргаж байгаа. Манай үйлдвэр 100 хувийн хүчин чадалтайгаар ажиллабал жилдээ 500 мянган метр даавуу үйлдвэрлэх боломжтой.
Монголчууд давууны хэрэглээгээ дотооддоо нөхөх боломжтой юу? Яагаад импортын даавуу сонгодог вэ?
Гаднаас орж ирж байгаа даавуунууд бол доторх орц ширхэгтийн бүрэлдэхүүн нь тодорхойгүй, ноосон даавуу гэж байгаа боловч дотроо ширхэгтийнх нь бүрэлдэхүүнд ноос яг байдаг үгүй нь тодорхойгүй. Тийм болохоор хямд үнэтэй орж ирдэг. Хонины ноосон даавууны онцлог гэвэл эдэлгээ сайтай, хөлс чийг гадагшлуулах, агаар нэвтрүүлэх чанар сайн.
Манайх хонины ноосоо Төв аймаг болон Дундговь аймгаас бэлтгэдэг. Тэндээс авсан хонины ноосоор үйлдвэрлсэн сурагчийн дүрэмт хувцасаа тухайн аймгийн сурагчдад худалдаалж байгаа.
Цаашдаа бид үйлдвэрийнхээ 100 хувийн хүчин чадлаар ажиллаж, ноосон даавуу үйлдвэрлэх зорилготой.