Эх орны минь хойморт хаан сэнтий мэт сүндэрлэх Хорьдол сарьдагийн уулс, хөшигрөн ногоорох Улаан тайга, хүн, амьтдыг ундааслан цэнгэг уст гол, нууруудаас бүрдсэн үзэсгэлэнт Дархад нутаг мэлмий баясган, өлмий бат орших ажгуу. Дархадын хотгор нь зөвхөн байгалийн үзэмжээс гадна эртний өв соёлоор баялаг сайхан нутаг. Олон мянган жилийн хүний ул мөр, өв соёлын түмэн нууцыг хадгалсан энэхүү нутагт би 2003 оноос эхлэн судалгаа хийж эхэлсэн. Бидний судалгааны үр дүнгээр Дархадын хотгорт Шинэ чулууны үеэс (НТӨ 7000-3000 жил) эхлэн хүн суурьшин амьдарч ирсэн ул мөрийг Тарган нуур болон Хөгийн гол, Соёо толгой орчимд хийсэн судалгааны үр дүнгээр батлаад байна. Мөн Хүрлийн үеэс Дундад зууны үед хамаарах олон үеийн булш, хиригсүүр, буган хөшөө, хадны зураг зэрэг эртний түүхий дурсгалууд арвин.
Үзэсгэлэнт байгаль, өв соёл хосолсон энэ нутагт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өвөг дээдсийнхээ булш бунханыг шунахайн сэдлээр тонон сүйтгэх бусармаг явдал газар авч, бүтэн үлдсэн дурсгал нэн ховор болсон нь юутай харуусалтай. Үүнд: Хүрлийн үеийн хиригсүүрээс эхлээд эрт, дундад үеийн түүхэнд холбогдох олон үеийн булш оршуулгын дурсгал багтана. 2017 оны хээрийн судалгааны явцад бид нүд хальтирам нэгэн үйл явдалтай нүүр тулгарч, харуусал гунигийн гүн ангал руу санаа сэтгэл нисэн одож билээ. Энэ бол Хориг уулнаа тоногдон сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үеийн бүлэг булш оршуулгын дурсгал.
Хориг хэмээх үг нь Монголын эзэнт гүрний хаад язгууртнуудыг оршоон онголсон маш хатуу харуул хамгаалалттай, нууцлаг оршуулгын газрын нэр болохыг XIV зууны Персийн нэрт түүхч Рашид-Аддин “Судрын чуулган” бүтээлдээ тэмдэглэн үлдээсэн байдаг. Судар түүхэнд мөнхрөн үлдсэн Монголын эзэнт гүрний үеийн бүлэг язгууртан, ихэс дээдсийн булш оршуулга бүхий нэгэн “ХОРИГ” өнөөгийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Хориг ууланд байна гэж хэн санах билээ. Тэр тусмаа алс бөглүү Дархадын хотгорын бүс нутагт ийм дурсгал байна гэж нэг ч судлаач төсөөлсөнгүй. Хоригийн амны хоёр буган хөшөөг судлаж суухдаа би ч “Хориг” гэдэг газрын нэрийн тухай огт ухаж бодсонгүй явжээ. Тэнэгийн ухаан хойноо гэдэг шиг 2017 онд тоногдож сүйтгэгдснийг сонсож, энэ дурсгалыг өөрийн нүдээр үзсний дараа ямар их харууссанаа танд үгээр тайлбарлах аргагүй. Судлаач хүнд ийм дурсгалыг олж илрүүлэх, судлан шинжлэх хувь зохиол тэр бүр учрахгүй. Хэрэв бүрэн бүтэн байхад олж үзээд, малтан судлаж чадсан бол өнөөдөр Монгол улсын засаг төрөөс байгуулахаар зорьж буй Чингис хааны музейг өлхөн дүүргэх олдвор хэрэглэгдэхүүн энэ газарт хадгалагдан байжээ. Гэвч судлаачид хоцорч, шуналт тонуулчид амжиж тонон сүйтгэсэн нь даанч харамсалтай. Үүний уршигаар дэлхийд байхгүй хосгүй үнэт дурсгалаа бузар тонуулчдын гарт сүйтгүүлж, эдүгээ бид харах мөргүй, хариуцах эзэнгүй халаглан сууна.
Мэдээж уг дурсгалыг нутгийн малчид эртнээс нааш үе удмаараа хайрлан хамгаалж, нууцлан хадгалж энэ зуунтай эсэн мэнд золгуулж. Гэсэн хэдий ч түүх соёлоо үл хайхрагч, түр зуурын олз хайгч, мэдэхгүй хийгээд ичихгүйн мананд хучигдсан хэсэг бүлэг этгээдүүд наанадаж хэзээ ч сэвтээшгүй онгон дагшин орон нутаг, үе удмынхаа нэрийг хугалан, итгэлийг хөсөрдүүлж, цаанадаж улс эх орныхоо чихийг халууцуулан ийнхүү тонон сүйтгэжээ.
Судлаач миний хувьд тонуулчдын онгойсон нүх, овоолсон шороо болгон хаясан эдгээр дурсгалууд, эргэн тойронд хөглрөн хэвтэх элдэв төрлийн олдвор хэрэглэгдэхүүний хугархай, тасархайнууд, ихэс дээдсийнхээ ариун шарилын хэсгүүдийг тэр чигээр нь нүдээ аниад, чихээ бөглөөд орхих тийм ёс зүй байсангүй. Тиймээс 2018, 2019 онд өөрсдийн бүх боломж бололцоонд тулгуурлан энэхүү дурсгалт газарт тонуулчдын тоолгүй үлдээж хаясан олдвор хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж цуглуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүний үр дүнд мөнх цэвдэгт 700 гаруй жил хадгалагдан үлдсэн ваартай өрөм, шар тос, үнэт төмөрлөг, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворуудын хэсэг болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байна. Эдгээрийн дотор Хүннүгээс улбаатай, монголчуудын нар сарны шүтлэгийн илэрхийлэл болсон алтан хуудсаар хийсэн нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны уранхай хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворууд бий. Бидний авран хамгаалж, цуглуулсан энэхүү өв соёлын олдворууд нь музейн үзмэр болсноор Монголын эзэнт гүрний ялгуусан их түүхийг гэрчилж, эдүгээ болоод ирээдүй хойч үеийнхний гэгээн мэлмий, гэрэлт ойг мөнхөд мялааж, үндэсний бахархал, өв соёлоо дээдлэх үзэл төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл өвөрлөн байна.
Дотоод, гадаадын эртний түүх судлаачид өнгөрсөн зуунаас өнөөг хүртэл дэлхийн дайдад нэр сүрээ мандуулсан алдарт Чингис хаан, түүний үр сад, алтан ургийн язгууртнуудын онголсон газрыг олж илрүүлэх, харуул хамгаалалттай болгох, судлан шинжлэх гэж чамгүй их хүч чармайлт гаргасаар иржээ. Гэвч Хориг уулын дурсгалаас гадна хуруу дарам ганц нэг дурсгалт газрыг эс тооцвол өдгөө хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна. Гэтэл МОНГОЛ хүн МОНГОЛынхоо нэгэн гайхамшигт дурсгалыг тонон сүйтгээд, одоо хаа нэгтээ хээв нэг алхалж яваа нь харуусаад барашгүй.
Гишгилж буй газар шороо, амьсгалж буй агаарынхаа үнэ цэнийг үл ухааран, өөрийг чинь өнөөдөр МОНГОЛ хүн болгож буй өв соёлдоо яасан их өширхөнө бэ? Бид чинь ямар аугаа их түүхийн тасархай, ямар аугаа суут дээдсийн залгамж билээ. Монгол хүн та сайтар тунгаан бодогтун! Хаад дээдсийнхээ ариун шарилыг хөндөж, харь сэтгэлтэнд худалдах, өвөг дээдсийнхээ онгон шарилыг сүйтгэж, өчүүхэн олз хайх тийм хүмүүс мөн үү? ДААНЧ ХАЙРАН ДАРХАД НУТГИЙН ӨВ СОЁЛ МИНУ!
Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, Түүхийн ухааны доктор Ж.Баярсайхан