Д.Загджав гэх хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилохоор /2020.07.22/-ны засгийн газрын хурлаар шийдлээ.
Д.Загджав 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан, гэхдээ ахин нэр дэвшиж өрсөлдөөгүй. Гишүүн биш ч тэр МАН засаглаж байгаа үед яаж ийж байгаад дарга л болдог хүн. Тухайлбал Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2017 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд байсан юм. Дэд сайд болохдоо өөрөө УИХ-ын гишүүдийн өрөөгөөр гүйж, нэг бүрчлэн уулзаж гуйж байсан гэдэг. Харин энэ удаад ШШГЕГ-ийн даргын сэнтийд очихын тулд намдаа хандив өгч, Шадар сайд Я.Содбаатарын дэмжлэгээр дарга болж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Мэргэжлийн, туршлагатай хүн удирдах ёстой албыг ямар ч хамаагүй даргын суудал дамнаж явдаг Д.Загджавт ийнхүү өглөө. МАН-д боловсон хүчин бишгүй бий ч бэлтэй хүний өмнө даргын сэнтийгээ өргөдөг уламжлал хэвээр байгааг энэ мэт томилгоонууд нотолж байна.
Намтар:
Дэлэгийн Загджав нь 1964 онд Ховд хотод төрсөн. Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Мөн 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2000 онд Төрийн удирдлагын академи, 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг тус тус дүүргэжээ.
Загджав 1985-87 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, 1987-1993 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүнээр ажиллаж байгаад 1993 онд "Алтай интернэйшнл" ХХК-г байгуулан ерөнхий захирлаар ажиллаж байв.
1997 онд МАХН-ын бага хурлын гишүүн болсноор улс төрд орж, 1998-2000 онд Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгчийн албыг хашсан. 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд МАХН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож 4 жил ажилласан.