Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч буюу ИТХ-ын дарга Э.Ганбат, Монголын Ротари PAG Х. Жамбалмаа , Чех улсад төвтэй "Пипл ин Нийд" олон улсын төрийн бус байгууллагатай хамтран нийслэлийн тэргүүний эрдмийн хөтөч цогцолбор 58 дугаар сургууль дээр хүүхдийн үдийн цай хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү хөтөлбөрт Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хорооны 2-16 насны 200 гаруй хүүхэд хамрагдана. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдийн дархлааг дэмжсэн үдийн хоол цайгаар хоёр сарын хугацаанд хангахаас гадна дэлхийн 200 гаруй улс оронд тархсан шинэ төрлийн Корона вирусийн халдвартай байгаа үед хүүхдүүдэд зориулж гараа хэрхэн зөв угаах зөвлөмж бүхий ном, гарын саван, шүдний оо, сойз, угааж хэрэглэж болох амны хаалт бэлэглэжээ.
/ Зургийг "нээлттэй сүхбаатар дүүрэг" цахим хаягаас авав/
Энэ арга хэмжээг зохион байгуулахад дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс өгсөн шинэ төрлийн корона вирусийн эсрэг авч хэрэгжүүлэх зөвлөмжийн дагуу ЕБ-ын 58 дугаар сургуулийн багш ажилчид ажиллаж байгаа юм.
/ Зургийг "нээлттэй сүхбаатар дүүрэг" цахим хаягаас авав/
Мөн арга хэмжээг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсын элчин сайдын яаманд дүүргийнхээ иргэдийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
/ Зургийг "нээлттэй сүхбаатар дүүрэг" цахим хаягаас авав/
Энэ төрлийн төсөл нь өмнө нь Монгол Улсад хэрэгжиж байгаагүй. “Пипл ин Нийд” ТББ, ХБНГУ-ын элчин сайдын яамны зүгээс Сүхбаатар дүүргийн ЕБ-ын 58, Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн нийт 500 хүүхдэд дээрх төслийг хэрэгжүүлж байгаа ба энэ төрлийн жишиг загварыг БСШУСЯ-тай хамтран боловсруулахаар ажиллаж байгаа юм байна. Ингэснээр онцгой байдлын үед тус төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой болох юм.
/ Зургийг "нээлттэй сүхбаатар дүүрэг" цахим хаягаас авав/