Наадмын үеэр Хөвсгөлд үер бууж, бороо орсноос үүдэн Мөрөнгөөс Хатгал чиглэлийн 98 км замын Мөрөн талаасаа эхний гурав дахь км зам сэтэрсэн. Энэхүү зам сэтэрсэн дүр зургийг иргэд Япон болон гаднын улс орнуудын замтай харьцуулаад цахим орчинд нэлээд шүүмжилсэн.
Монголын зам яагаад ийм нимгэн юм бэ?
Талхан дээр масло түрхчихсэн юм шиг хэтэрхий нимгэн зам байна.
Гаднын улс орнуудын зам хэд дахин зузаан байна.
Ийм нимгэн зам барьсан учраас ингэж сэтэрч, гэмтэж үер усыг дааж давшгүйгээр хурдан гэмтлээ.
Улсын төсвийн мөнгөөр тоглолоо зэрэг шүүмжлэлүүд өрнөсөөр байгаа юм.
Бид энэ талаар зам тээврийн хөгжлийн яамнаас тодрууллаа. Тэд тухайн үед зураг төсвийг нь хийсэн компанийн зургийн инженертэй утсаар холбож өгсөн юм.
"Аварга Зам" ХХК-ийн инженер н.Батжаргал:
"Тухайн үеийн эдийн засаг хөрөнгө оруулалтын байдлаас шалтгаална шүү дээ. Дээр нь тухайн үедээ тухайн замын хөдөлгөөний эрчим бага байсан. Зундаа наадмын үеэр идэвхэждэг, бусад үед хөдөлгөөн байхгүй тийм зам шүү дээ. Тийм учраас Японы зам шиг тийм аймаар зузаан хийгээд байхгүй л дээ. Ер нь мөнгөндөө л тааруулсан. Тухайн цаг үедээ тийм байсан. Одоо бол арай өөр болж байгаа" гэв.
Бороо үерийн “ачаар” Монголчууд бид мөнгөндөө тааруулан ямар нимгэн зам хийдгээ мэдэж авлаа. Өөрөөр хэлбэл нэг төлж сайн чанартай замтай болохын оронд олон дахин төлж "муу" замтай байсаар…
Гэхдээ Хөвсгөлд болсон үерийг сүүлийн 18 жил болоогүй байгалийн гамшигт үзэгдэл болсон. Тиймээс замын эвдрэлийн шалтгааныг байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээн урьдчилсан байдлаар дүгнэжээ.
Нэмж мэдээлэхэд Увс аймагт хоёр гүүр, Баян Өлгийд нэг гүүр эвдэрсэн. Түр зам нээхээр ажиллаж байна, эвдэрсэн замын засварын ажил эхэлсэн. Завсар хэзээ дуусах нь одоогоор тодорхойгүй. Хохирлын хэмжээг ч эцэслээгүй байна гэлээ.
Иймээс иргэд та бүхэн хөдөө орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байж, замын эвдрэл гэмтлийн мэдээлэл, цаг агаарын мэдээллээ сайтар харахыг сэрэмжлүүлж байна.