Өчигдөр /2020.6.24/ нд 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болж дүн гарлаа. МАН 76 суудлаас 62 суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа. МАН-ын ялалтад ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн талаар бид судлаачаас тодрууллаа.
“MEC” судалгааны компанийн захирал Л.Золбаатар:
Энэ Парламентын сонгуульд МАН-ын ялалтад нөлөөлсөн хүчин зүйлсүүд
- Сөрөг хүчин маш сул байсан. С.Эрдэнийн тэргүүлж байсан АН сөрөг хүчнийнхээ үүргийг огт биелүүлж чадаагүй.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь рейтинг өнгөрсөн намраас эхлэн өндөр байсан. У.Хүрэлсүх миний багийг дэмжээрэй, бид үргэлжлүүлэн ажил хийе зэрэг урианууд нь намд нь ялалт байгуулахад нөлөөллөө.
- Covid-19 цар тахлын үед Монгол улс дотооддоо халдвар алдаагүй. Хүн бүр айж байсан, сэрэмжилж байсан. Хэдийгээр Засгийн газрын баримталж байгаа бодлого эдийн засагт маш сөргөөр нөлөөлж байгаа ч халдвар алдаагүй гэдэг нь иргэдэд итгэл төрүүлж багаар нь дэмжих том хүчин зүйл боллоо.
- Ковидын тархалттай холбоотойгоор иргэдийн орлогыг дэмжих чиглэл дээр авсан арга хэмжээнүүд. Тухайлбал хүүхэд болгонд 100 мянган төгрөг тавдугаар сараас эхлэн өгч эхэлсэн нь сонгуулийн саналд шууд нөлөөлсөн.
Эдгээр хүчин зүйлсүүдээс болж МАН 2016 оны сонгуулийн ялалтаа дахин давтлаа.
Давуу тал бол мэдээж шинэ Үндсэн хуулийн хэрэгжилтээр Ерөнхий сайдын эрх мэдэл өндөр байж У.Хүрэлсүхийн засгийн газар юу хүссэнээ хийх болно гэсэн үг.
Сул тал гэвэл 2016 оны сонгуулийн дараа МАН үндсэндээ хоёр талцаж дотроо дайтаж эхэлсэн. Тэр эрсдэл дахин давтах магадлалтай. Дараагийн хүндрэл бол эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. Ирэх жилээс эхлэн гадаад өрүүд төлөгдөх ёстой, тэдгээр төлбөрийг яаж санхүүжүүлж төлөх зэрэг том асуудал шинэ Засгийн газрын өмнө тулгарч байна.