Монгол ардын намаас ХУД-т нэр дэвшин өрсөлдөж буй Г.Амартүвшингийн талаар мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд
Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг харлуулж гүтгэх гэмт хэрэг санал хураалтын өдөр ч үргэлжилсээр байна. УИХ – ын 29 – р тойрог, Хан-Уул дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ганибалын АМАРТҮВШИНГ Монгол улсын иргэн биш гэж гүтгэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гэх хуурамч материал үйлдэн, цахим сүлжээгээр тарааж байгааг эрс няцааж байна. Өөрсдийн зохиосон үлгэрийг хуурамч гэдгийг мэдсээр байж, Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас Сонгуулийн Ерөнхий хороонд хандсан нь улс төрийн гэнэн жүжиг юм. 000374 дугаартай албан бланк бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 1-р сарын 8-ны өдрийн Засгийн газарт чиглэл өгөх тухай 01 тоот зарлигийг 02 тоот зарлиг болгон, хуурамчаар үйлдсэн нь баримтаар нотлогдлоо. Төрийн тэргүүний зарлигийг ашиглан хуурамч баримт бичиг үйлдсэн нь ноцтой гэмт хэрэг бөгөөд Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар хандсан болно. Сонгуулийн сурталчилгааны туршид нэр дэвшигч Ганибалын Амартүвшинг хуурамч материал, эвлүүлгээр гүтгэсээр байсан боловч үнэнд гүйцэгдэж, бодит баримтаар няцаагдсаар байна. Ганибалын АМАРТҮВШИНГ Монгол Улсын иргэн гэдгийг төрийн байгууллагууд, Нидерландын вант улсын Элчин сайдын яамнаас ирүүлсэн албан ёсны баримтаар бүрэн дүүрэн нотлогдсон билээ. Ардчилсан Намын Сонгуулийн төв штабыг хуурамчаар үйлдсэн бичиг баримт түгээн, сонгогчдыг төөрөгдүүлэх оролдлогоо таслан зогсоож , цэвэр шударга өрсөлдөхийг шаардаж байна гэжээ.