Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц АНУ-ын Сиатл хотын Такома нисэх буудлаас хөөрч, өнөө өглөө буюу зургаадугаар сарын 24-ны 10 цаг 39 минутад эх орондоо газардлаа. Уг нислэгийг үйлдэж байгаа Монгол улсын JU-1021 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг анх 2013 оны 5 сарын 15-нд Сиатл хот дахь Боингийн үйлдвэрийн Эверет нисэх буудлаас хөөрч Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж байсан бол энэ удаа АНУ-Монгол улсын хооронд зорчигчтой үйлдэж буй хамгийн анхны нислэг болж, шинэ түүх бичлээ.
Түүхэн нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирлээ. Үүнд, хөгжлийн бэрхшээл 4, оюутан 17, өндөр настан 15, эрүүл мэндийн шалтгаантай 26, бага насны хүүхэдтэй гэр бүл 103, жирэмсэн 3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс зочид буудалд 21 хоног тусгаарлана.
Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хандивлаж буй 1 сая долларын үнэ бүхий тусламжийн барааг тээвэрлэн хүргэсэн тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа АНУ-руу үйлдэж буй нислэг гэдгээрээ онцлог юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.