М.БАТБИЛЭГ: “ХЭРСҮҮ СОНГОЛТ ХИЙЦГЭЭЕ”
-Д.Сүндий гэдэг залуу бусдаасаа хоцорч сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, иргэд, сонгогчидтой уулзаж эхэлсэн нь харамсалтай. Сонгууль гэдэг нэг ижил гараанаас бариа хүртэл шударга, зарчимтай, ёс зүйтэй, хуулийн хүрээнд өрсөлдөх бодлогын өрсөлдөөн гэж ойлгодог. Хэн нэгэн эрх мэдэлтэй, албан тушаалтай улс төрийн хүчнүүд нь 100 метр зайд уралдахын тулд 50 метр түрүүлж гүйчхээд араас нь Д.Сүндийг гүйлгэж байгааг би л лав ардчилсан Монгол улсын шударга сонгууль гэж үзэхгүй байгаа юм. Нэгд, энэ зөвхөн Сүндийтэй холбоотой асуудал бишээ. Энэ нийгэмд өөрчлөлт шинэчлэлтийн салхи хэрэгтэй байна. Нийгмийн бүх өөрчлөлтийг шинэ үеийнхэн хийдэг юм.
Ардчилсан хувьсгалыг тэр үеийн 25, 30-тай залуучууд хийсэн. Нийгэм эрс өөрчлөгдсөний та бүхэн мэднэ. Өнөөдөр тэд хийдгээ хийсэн. Гавьяагаа ч хүртсэн. Харин одоо дараагийн үед шинэчил хийх, бидний амьдралыг сайжруулах боломжийг олгох хэрэгтэй байна.
Таван удаа сонгогдсон, бүтэн 20 жил гишүүн байсан хүн өнөөдөр “эд нар намайг дахиад сонгохгүй яадаг юм” гээд явж байна. Тийм хүмүүстэй Сүндий шиг олон залуус өрсөлдөж байгаа. Тэднийг дэмжиж би өнөөдөр зориуд сэтгэл гаргаж зүтгэж энд ирсэн. Та бүгдийг ч гэсэн надтай ижил бодол санаа, хүсэлтэй байгаа гэж бодож байна. Би 10 гаруй жил сэтгүүл зүйн салбарт ажиллаж байна. Би “Монгол Коммент” нэвтрүүлгийг бэлтгэж, ард түмэнд хүргэдэг. Монгол орны өнцөг булан бүрт байгаа үзэгчдийн илгээсэн 14,500 захидлыг нэг бүрчлэн уншсан. Тэндээс иргэд юу хүсдэгийг ойлгосон, мэдэрсэн. Яагаад гэхээр, хийсэн ажлынхаа ачаар үргэлж ард түмний дунд байдаг.
Би алдаатай оноотой, буруутай зөвтэй амьдарч ирсэн ч гэлээ итгэл үнэмшил, эрх ашгаасаа хэзээ ч урваж ухарч үзээгүй. Өнөөдөр ч гэсэн би аль нэг улс төрийн намд тал засаж, таны сонголтод нөлөөлөх гээгүй. Би танаас өөрсдийгөө, дотор хүнээ нэг чагнаад үзээч гэж хүсье. Би энэ асуултыг өөрөөсөө асуусан? Хариулах гэтэл чиний амьдрал өнгөрсөн хугацаанд яаж өөрчлөгдөв гэсэн өөр нэг асуулт гарч ирсэн. Миний амьдралд ямар ахиц гарав? Миний үр хүүхдийн ирээдүй яаж баталгаажив? Дэлхий яаж хөгжив? Бид хаана байна вэ? Солонгосын Сөүлийн гудамж ямар болж? Улаанбаатарын Чингэлтэй дүүргийн гудамж ямар байна? Ах нар 10 жилийн өмнө юу гэж амлаж байлаа? 20 жилийн өмнө юу хийнэ гэлээ? Энэ бүхнийг өөрчилнө, сайжруулна гэсэн.
Өнөөдөр тэдний амлалт биелээгүй, бүх зүйл бахь байдгаараа. Бид гэрэлгүй гудамжинд, камерийн хяналтгүй хороололд, айж эмээж, болгоомжилж амьдарсаар. Бидний амьдрах орчинг сайжруулахад тийм нүсэр зардал шаардагдахгүй. Ялангуяа, тэдний ууж идсэн гэх мөнгөний дүнтэй харьцуулахад. Энд зөвхөн сэтгэл дутаж байна гэж би үзэж байна. Эд нар бүгдээрээ бид нараас ухаантай. Эд нар мундаг. Гэхдээ тэд тэр мундагаа гаргадаггүй. Мундагаа тэд өөрсдийнх нь оронд ороод ирэх вий гэж шинэ залуучуудыг хааж бооход гаргаад байна. Сүндийтэй нэг цэгээс уралдвал гүйцэгдчихвий гэсэн айдсаасаа болж түүний өмнө өндөр хана өрж, саад болохыг оролдож байна. Энэ надад шударга бус санагдаж байна. Дэлхий өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Нөхцөл байдал өөр болсон. Цар тахал гараад бүгдийн орвонгоор нь эргүүлээд хаячихлаа. Гэтэл бидний амьдрал, амьдрах орчин 30 жилийн өмнөх шигээ л байна. Энэ бол өнгөрсөн 30 жилийн турш биднийг доромжилж, дорд үзэж, тэнэг мангар гэж бодож ирсний илрэл гэж би хардаг. Би ингэж л хүлээж авдаг. Зөндөө сайн сайхан болж байгаа бүтэж байгаа олон юмыг чи ярихгүй байна гэх байх. Бид нар махаа зулгаан цус хөлсөө урсган байж, хөдөлмөрлөж олсон 500,000 төгрөгөөс ичихгүй татвар авдаг шүү дээ. Тэр татварын мөнгөөр, үнэндээ бол бидний мөнгөөр, нэг цэцэрлэгийн дээвэр зассаныгаа тойрогтоо би хөрөнгө оруулалт хийлээ гэж шоуддаг. Энэ давралтыг энэ 2020 оны сонгууль таслан зогсоогоосой гэж хүсч байна. Бүр итгэж байна.
Хувь хүнийх нь хувьд Сүндийгийн талаар би олон юм ярихгүй ээ. Та нар угаасаа мэдэж байгаа. Сүндий бол эхлээд хүнд өгье гэдэг хүн. Энэ хүн төрөөс авах гэж биш төрд та бүхний амьдралыг сайжруулах замаар ажил хийж өгье гэж очих гэж байгаа. Тиймээс ийм залуусыг дэмжиж, сонгоорой гэж та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байна.
Та бал бариад сонгуульд саналаа өгч байхдаа төр барьж байдаг юм шүү. Тэр үед та буруу хүн сонговол сонгосон хүнийхээ барааг ч харахгүй. Харин зөв сонговол, түүний амлалт тойрогт чинь бодит биелэл болохыг харна. Тиймээс та сайн бодож, тунгаагаарай. Судлаарай. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, боломжоо ухаалгаар ашиглаарай. Таныг сонгох хүн таны төлөө ажиллах хүн мөн үү гэж өөрөөсөө асуугаарай.
ЖҮЖИГЧИН, ПРОДЮСЕР Г.УНДАРМАА
-Д.Сүндийтэй анх танилцаад, ярилцаж байхад цэгцтэй яриатай, нямбай, чамбай, мундаг залуу байна даа гэсэн бодол төрсөн. Бас эхлүүлсэн бизнес, ажилласан салбартаа тууштай, амжилттай яваа юм байна гэдгийг нь мэдэж авсан. Дээр нь ямар гоё оффистой юм бэ гэж бодогдсон шүү. Би чинь дотор засал, интерьер сонирхдог болохоор тийм зүйлд нүд соргог байдаг юм. Гэхдээ, тэр гоё оффис нь багаараа ажиллахад зориулагдсан, ажилтан захиралгүй бүгдэд нь таатай орчинг бүрдүүлсэн байсан.
Эндээс, Сүндийг зөвхөн өөрийгөө, бизнесээ биш бусдыг боддог, ажилтанд хүрчихээд бусдыгаа татдаг хүн байна гэж дүгнэсэн. Энэ бодол маань дараа нь бүр батлагдсан юм. Яаж гэхээр, Сүндий өөрийнхөө бизнесийг амжилттай авч явахын хажуугаар, тусламж хэрэгтэй нийгмийн тодорхой хэсэгт тулгардаг асуудлыг багаас нь шийдэх, судалгаа, төлөвлөгөөн дээр үндэслэн төслүүдээ хэрэгжүүлж байсан.
Тийм ажлууд огт хийгддэггүй биш хийгддэг л дээ. Гэхдээ, тусламж хэрэгтэй хэсэгт оновчтойгоор төвлөрсөн бас нэг удаагийн гэж харалгүй, шат дараатай, тасралтгүй хийгддэг нь ховор. Англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэлтэй 350 хүүхдэд туслахдаа хаа хамаагүй хүүхдүүд түүлгүй, амьдралын боломжгүй, сурах эрмэлзэлтэйг нь сонгож авч, англи хэлний сургагч багшийг цалинжуулж зарчмаар шийдсэн нь их таалагдсан. Багш орлоготой, хүүхдүүд мэдлэгтэй болж байна. Хэн хэнд нь үр ашигтай.
Углуургаар нь, тогтолцоогоор нь өөрчлөх хэрэгтэй гээд том том ярьсан хүмүүс байдаг л даа. Тэдний буруу ч биш. Гэтэл амьдралд тэр том өөрчлөлтийг хүлээж чадахгүй, тусламж хэрэгтэй үе олон байдаг юм. Сүндий олон хүнийг баярлуулсан, шинийг эхэлж, мөрөөдөлтэй болоход нь түлхэц болсон юм билээ. Надад инээж байгаа хүмүүс үнэхээр таалагддаг. Тэдний инээх шалтгаан нь байгаагаа мэдрэх бүр ч их таалагддаг.
Чингэлтэй дүүргийн хүүхдүүдэд хичээлийн цүнх, хэрэгсэл бэлэглэх арга хэмжээний өмнөх өдөр би Сүндийгийн ажилтнуудтай хамт нэг өрөөнд сууж байсан юм. Цаг нилээн орой болсон байсан ч тэд түүртэх юмгүй, ялархаж, дургүйцсэн шинжгүй цүнхнүүдэд хичээлийн хэрэгслийг хувиарлан хөгжилтэй, хүчтэй ажилцгааж байсан. Тэндээс, сайн, зөв хүмүүсээр багаа бүрдүүлсэн юм байна, тэдэнтэйгээ цалинг нь өгч байгаа юм чинь яаж ч харьцаж, ажиллуулсан яадаг юм гэж, ихэрхэж харьцдаггүй юм байна, удирдагч хүнд байх ёстой шинэ чанаруудыг агуулсан залуу юм гэж бодож байсан.
Өнөөдөр бидэнд хариуцлагатай, ажлаа сайн бас бүтээлчээр хийдэг хүмүүс хэрэгтэй байна. Өөрийнхөө амьдралыг цэгцэлчихсэн Сүндий өөр олон хүний амьдралыг цэгцэлж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Тиймээс, хэрэв надаас Чингэлтэй дүүргийн иргэн энэ сонгуулиар хэнийг сонгох гэж асуувал би эргэлзэхгүй Сүндий гэж хэлнэ.
Ч.ЛОДОЙСАМБУУ “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер
-Би "Улаан бал" нэвтрүүлгээрээ үе үе сануулж, хэлдэг нэг зүйл бол юм үзэж, нүд тайлсан, хир хор нь гарсан хүнийг сонгоорой. Юмны бараа хараагүй хүмүүс төрд очихоороо, төсвийн мөнгийг хуваарилах эрхтэй болохоороо хүнээ байдаг. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ард түмэн бид төр барьдаг. Ард иргэд өөрсдийнхөө төлөөлөл болгож хүмүүсийг төрд илгээдэг. Тэгэхээр, УИХ-ын сонгууль гэдэг бол ард түмэн бидний төлөө ажиллах гээд өргөдөл, анкетаа танилцуулж, ярилцлагад орж байгаа “ажил горилогчид” юм.
Тэгэхээр хэдүүлээ ямар хүмүүсийг ажилд авах вэ?
Ажил хийдэг хүмүүсийг л ажилд авъя. Зэ тэгвэл ажил хийдэг гэж ямар хүнийг хэлэх вэ? Ажлаа тууштай хийсээр амжилтанд өөрөө хүрсэн хүнийг лав хэлнэ. Амаараа дүүрэн эх орон ярьж, цээжээ дэлдсэн хүнийг хэлэхгүй. Ажил хийнэ гэдэг ах дүү амраг садангаа ажилд оруулдаг хүнийг хэлэхгүй. Ажилд авсныхаа дараа хэдүүлээ тэдэнд зөв ажлаа, зөв захиалах хэрэгтэй. Тэр ажилд авсан хүмүүсээр захиалсан ажлаа л хийлгэе.
Энэ шаардлагуудад бүрэн нийцэж байгаа хүн бол Д.Сүндий. Д.Сүндий гэдэг хүнийг янз янзаар л хэлэх юм. Хэлдэг юм. Өөлөх юм олдохгүй болохоор нь эхнэр хүүхэд рүү нь хүртэл орох юм. Төрийн ямар ч дэмжлэггүйгээр, төсвийн оролцоогүйгээр өөрөө бизнесээ эхлүүлж чадсан ийм хүмүүсийн төрд гарах гэж байгаа зорилго нь бусдыг бас амжилтад хөтлөх юм. Өөрөө хөдөлмөрлөж, бүгдийг тэгээс эхэлж, ажилтанд хүрсэн хүн хөдөлмөрийн үр шимийг мэддэг, хатуу хөтүүг нь ойлгодог, мэдэрсэн хүмүүс байдаг. Тэд хэзээ ч бусдын хөдөлмөрийг хумсалж, орлого руу нь хуруу дүрдэггүй, хулгай хийдэггүй. Шунал нь ядаж ахуйн хэрэгцээнээсээ салчихсан, тийм хүмүүст л найдъя. Би дахиад хэлье. Юм үзэж нүд тайлсан, юмны бараа харсан, хир хор нь гарсан ийм хүмүүсийг л сонгоорой. Яагаад гэвэл, энэ УИХ гэдэг чинь хэн нэгнийг байртай, машинтай, амьдралтай, хадгаламждаа овоо хэдэн төгрөгтэй болгодог байгууллага биш шүү дээ. Тэнд төрийн бодлого боловсруулдаг, хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ хэрхэн дэмжих вэ гэж ярьж суудаг, шийдэл олдог, бодлого боловсруулдаг, түүнийгээ хэрэгжүүлдэг хүмүүс байх ёстой. Ийм ажил хийлгэх гэж л хүмүүсээ бид томилж, илгээх гэж байна. УИХ-ын гишүүн гэдэг бол дарга биш. Бид нарын дарга биш.
Д.Сүндийг нэр дэвших гэж байгааг нь дуулаад худлаа баахан баримт гээч зүйлс гаргаж ирээд фэйсбүүкээр баахан нүдлээ шүү дээ. Үзэг нэгт сэтгүүлчид маань ийм юмнаас татгалзмаар байгаа юм. Би л лав хувьдаа татгалзаж байгаа. Дээр нь мэдээллийн үнэн худлыг хамгийн түрүүнд нягталж үздэг байх хэрэгтэй. Улаан цайн гүтгэлэг явлаа шүү дээ. Битүү дайралт явсан. Тэгээд дэвших байсан намаас нь дэвшүүлээгүй. Гэхдээ Д.Сүндий ахад нэг сайн чанар байдаг. За гэвэл ёогүй. Унаж үзсэн хүн чинь нэг тийм жижигхэн тээгэнд бүдрээд байдаггүй юм байна л даа. Унаад, өвдөөд үзчихсэн хүн. Баргийн юманд эмзэглээд, гутраад, шантраад байдаггүй. Өвдгөө гөвөөд л босоод ирдэг.
Дэвшүүлж байсан нам нь мурьсан ч гэлээ дэвшихээр болсон юм байна. Д.Сүндий ах амжилт хүсэж байгаа. Би их дэмжиж ирсэн. Надад ер нь нам гэлтгүй дэмждэг хүмүүс олон бий. Надад ганц л зарчим, үзэл бодол байгаа. Эрх чөлөөг эрхэмлэдэг, хүний эрх, эрх чөлөөг ойлгодог хэнийг ч дэмжинэ.
Д.Сүндий ах их юм үзсэн залуу шүү дээ, яг үнэнийг хэлэхэд. Яг л бид нартай адилхан цэгээс бүгдийг эхэлсэн. Дээрээс эхлээгүй. Гарааны цэг нь доор байсан. Би таньдаг, мэддэг болохоороо түүнийг дэмжээд байгаа юм биш. Ер нь бол энэ Монголд ажил хийдэг, ядаж л очоод энд тэндхийн сангаас зээл горьдоод байхааргүй, хүмүүсийн мөнгөнөөс хулгай хийгээд байхааргүй хүнийг сонгоорой гэсэндээ сонгогчдоо зөвлөж байгаа юм. Юм үзсэн хүнийг сонгоорой. Цаашлаад хүн чанар, мэдлэг оюун ухааныг хараарай. Энэ бүх шаардлагыг Сүндий хангана. Маргаан байхгүй.