УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусах шатандаа орж байна. Шинэ төрлийн корона вирусийн улмаас энэ удаагийн уулзалтууд өмнөх жилүүдээс арай өөр өвөрмөц явагдаж байгаа. Нэр дэвшигчдийн тухайд Улсын онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжийг ягштал баримтлан сурталчилгаагаа явуулж байгааг мэдээллийн эхэнд онцлоё.
УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар өнөөдөр СХД-ийн 21 дүгээр хороо Рашаант өртөө, Ар гүнийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Дээрх нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэд мал маллахаас гадна фермер эрхлэгчид зонхилдог учраас сүүний урамшууллыг шийдэж, зуслангийн бүсүүдэд цахилгааны хүчдэлийг нэмэгдүүлж өгөхийг нэр дэвшигчдээс хүсч байлаа.
СХД-ийн 21-р хороо рашаант өртөөнд малчин, саальчин, ногоочин , төмөр замчид гээд 4000 орчим иргэн амьдардаг бол Ар гүнтэд 516 хүн суурин амьдарч байна. МАН эрх барьсан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Рашаант өртөөнд дүүрэг орон нутгийн санхүүжилтээр орчны камержуулалт сайжирчээ. Мөн Ар гүнтийг Батсүмбэртэй холбосон 17 км авто зам баригдаж дуусжээ.
Рашаант өртөө, Ар гүнт аль алинд нь фермер эрхлэгчид олон. Тодруулбал 20 орчим фермер эрхлэгч, мал бүхий өрх 116, гахайн ферм хоёр байдаг байна.
Гэтэл хотын захын дүүргийн мал бүхий иргэд сүүний урамшуулалд хамрагдаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах тодорхой шийдэлд хүргэж, Барын ам, Нөөлөгтийн ам зэрэг газруудад амьдарч байгаа иргэд цахилгааны хүчдэлийн асуудлыг яаралтай шийдэж өгөхийг нэр дэвшигчдээс иргэд хүсч байлаа.
СХД-ийн хэмжээнд 1000 гаруй байршилд эрчим хүчний дутагдал байгаагаас улсын болон нийслэл, дүүргийн төсвөөр цахилгааны хүчдэлийг сайжруулах ажил үе шаттай хийгдэж байгааг нэр дэвшигч Н.Учрал тайлбарлаж байсан. Ирэх жилүүдэд цахилгааны хүчдэл сайжруулахад эхний ээлжийн 200 гаруй айл өрх хамрагдахаар төлөвлөгдөөд байна.
УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Н.Учрал сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 30 мянга гаруй иргэд, сонгогчдын төлөөлөлтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Тодруулбал багш, эмч, тусгай хэрэгцээтэй иргэд гээд салбар салбарын иргэдтэй уулзаж, парламентын гишүүнээр ажилласан дөрвөн жилийн хугацаанд батлуулсан хуулиудаа тайлбарлаж, тойрогтоо хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгчээ. Харин иргэд сонгогчид тэтгэврийн тогтолцоог өөрчилж, Н.Учрал гишүүний санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийг цаг алдалгүй батлуулахад МАН-аас нэр дэвшигчид анхаарч, хурдан батлуулахыг захиж байлаа.