Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2020.6.24-нд болох гэж байгаатай холбогдуулан Өрөг.мн сайтын редакц, VTV телевизтэй хамтран “Саналаа Өгье” нөлөөллийн форумыг цувралаар зохион байгуулж эхэллээ.
2016 оны парламентын сонгуулиар 18-35 насны залуусын 50 хувь нь саналаа өгсөн нь чамлалттай үзүүлэлт. Сонгуулийн насны иргэдийн олонхийг эзэлдэг залуус сонгуульдаа идэвхтэй оролцож байж парламентад “шинэ” уур амьсгал орох боломжтой юм.
“Саналаа өгье” форумын эхний дугаарын зочноор
1. Б.Идэр-Од Бизнес эрхлэгч, комедиан
2. Ш.Энхжамц /Vande/Реппер
3. Б.Орхон Ээж, эмч
4. Б.Цэрэндолгор Модель
Зочдын онлох эшлэлээс хүргэж байна
Бизнес эрхлэгч, комедиан Б.Идэр-Од:
– 6-р сарын 2-оос эхлэн би өөрийнхөө цахим хуудсуудаар нам болгоноос дэмжиж байгаа хүмүүсээ нээлттэй зарласан. Ямар нэгэн захиалга огт байхгүй.
– Иргэн бүр өөрийн дэмждэг хүнтэй байх ёстой гэж боддог. Дэмжиж байна гэдэг тухайн нэр дэвшигчийг сайн судална гэсэн үг.
– Нийт санал өгч байгаа сонгогчдын талаас илүү хувь нь залуучууд. Тэгсэн хирнээ эмээ өвөө нараараа ирээдүйгээ шийдүүлээд сууж байдгаа болих хэрэгтэй. Залуучууд бид л саналаа өгчихвөл сонголт бидний гарт байна .
– Хорооны байран дээр очоод сонгуулиа өгөх мэдрэмж гоё байдаг. Санал өгөхөөс өмнө өвөө эмээ нарын л очдог газар юм шиг санагддаг байсан. Саналаа өгсний дараа л энэ мэдрэмжийг мэдэрнэ.
– Улс төрийг зүйрлэж хэлбэл гэр дотор байгаа асуудал надад хамаагүй гээд орноосоо босохгүй байвал гэр чинь өөдлөхгүй биз дээ. Би улс төр сонирхдоггүй, надад хамаагүй гэсэн ч уучлаарай гэр чинь өөдлөхгүй л гэсэн үг. Чи босоод цэвэрлэлцэх л ёстой өөр арга байхгүй.
– Саналаа өгөх эрхтэй болохын тулд дэлхийн түүхэнд маш олон тэмцэл өрнөж байсныг уншаад мэдчих хэрэгтэй. Монголчууд бид сонгууль өгөх эрхтэй байгаа нь аз.
Саналаа өгөхдөө ямар хүчин зүйлүүдийг нь голлон хардаг вэ?
Б.Идэр-Од: Ёс зүйг нь хамгийн түрүүнд хардаг. Мөн боловсрол, өмнө нь хийж байсан ажил туршлагыг нь харна. Би өөрөө жижиг дунд бизнес эрхлэгч. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг ойлгодог, тэдний эрх ашгийг нь дэмждэг, бизнес эрхлэгчдийн төлөө дуугарах хүмүүсийг сонгоно гэж бодож байгаа. Цалин өгч үзсэн байх нь ч чухал.