Коронавирусаас шалтгаалсан хөл хорио үргэлжилж байгаа энэ нөхцөлд эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан дүнтэй гарч байна. Тухайлбал, Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд 10,7 хувиар буурчээ. Эдийн засаг 10,7 хувиар агшиахад дараах салбаруудын орлого голлон нөлөөлжээ. Үүнд:
Уул уурхай, олборлолтын салбарын орлого -7,6 хувь
Тээвэр, мэдээлэл холбооны салбарын орлого -2,1 хувь
Бөөний жижиглэн худалдааны салбар – 1,0 хувь
Бүтээгдэхүүний цэвэр татварт – 1 хувь нь тус тус ноогдож байна. Эндээс, манай улсын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хараат байгааг харж болохоор байна. Манай улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортолж, уул уурхайн салбараас 1,3 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон юм.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ӨСЧЭЭ
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар үйлдвэрлэл эрхэлдэг ААН-үүдийн орлогын урьдчилсан гүйцэтгэл 4,1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2,4 их наяд төгрөг буюу 36,6 хувиар буурчээ.
Харин эсрэгээрээ хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн дүн байна. Хүнсний бүтээгдэхүүн, ундааны борлуулалт 17,17 хувиар өсчээ. Энэ оны эхний дөрвөн сард Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 оны эхний дөрвөн сард 499.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.1 тэрбум төгрөг буюу 3,3 хувь болж өсчээ. Үүнээс:
- Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1.1 (1.5%) тэрбум төгрөгөөр
- Үр тарианы гурил, малын тэжээл үйлдвэрлэл 8.9 (13.5%) тэрбум төгрөгөөр
- Хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7.8 (12.2%) тэрбум төгрөгөөр
- Ундаа үйлдвэрлэл (согтууруулах ундаа нийлсэн) 16.7 (7.8%) тэрбум төгрөгөөр өсчээ.
ИНФЛЯЦИ 4,7 ХУВИАР ӨСЧЭЭ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд өмнөх сараас 0,6 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2,2 хувь, өмнөх оны мөн үеэс 4,7 хувиар хувиар өссөн байна.
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 12 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2020 оны 5 дугаар сарын III долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 нэрийн барааны үнэ (62,4%) тогтвортой, 6 нэрийн барааны үнэ (18,8%) буурсан, 6 нэрийн барааны үнэ (18.8%) өссөн байна.